"Дусал усны үнэ цэнэ" дүрийн тоглолтын уралдаан болов

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2018-10-12 18:11:59

Архангай /МОНЦАМЭ/. "Номын баяр-2018" арга хэмжээг угтаж Архангай аймгийн ЕБС-ийн бага бүлгийн сурагчид болон цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд "Дусал усны үнэ цэнэ" дүрийн тоглолтын уралдааныг энэ сарын 10-нд Хүүхдийн номын ордонд зохион байгууллаа. Энэ жил байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах чиглэлээр хүүхдүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой “Ус” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм. Ирэх жил мөн адил байгаль, экологийн сэдэвтэй дүрийн тоглолтын уралдааныг зарлах ажээ.


Тус уралдаанд нийт зургаан цэцэрлэг, гурван сургууль оролцож, цэцэрлэгийн насны ангилалд Хүүхдийн 1-р цэцэрлэг "Эрхий мэргэн" үлгэрийг тэр чигээр нь хуулбарлалгүйгээр өөр үйл явдал дундуур нь оруулж, дуу авиа оруулан баяжуулж хийснээрээ тэргүүн байранд орсон бол хүүхдийн 6-р цэцэрлэг "Дусал усны үнэ цэнэ" сэдэвт дуу, хөгжим, шүлэг оролцуулан найруулсан шинэ зохиомжоороо 2-р байр, 14-р цэцэрлэг нь "Дусал усны үнэ цэнэ" сэдвийн хүрээнд зохиомж бэлтгэн оролцож 3-р байрыг эзэлсэн байна. Харин ЕБС-ийн бага насны ангилалд Хотонт сумын ЕБС-ийн 2-р ангийн сурагчид усыг хайрлаж, хэмнэх агуулгыг гаргасан дүрийн тоглолтоороо шалгарсан байна.


Бас нэг онцлог ажил нь Архангай аймгийн Их тамир сумын ЗДТГ, ЕБС-ийн сургууль, Соёлын төвийн номын сантай хамтран тус сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг БСУГ, аймгийн Нийтийн номын сан,  аймгийн Музейтэй танилцуулах, Миний Архангай номыг судлан орон нутгийнхаа талаар мэдлэг, мэдээлэл олж авах зорилгоор “Автобустай уншлага”-ыг зохион байгуулжээ. Энэ үеэрээ төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох чиглэл өгөх сургалт явуулсан байна. 

       Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ