Эрэн сурвалжлах сэтгүүлчид “Money tray” байгууллагын тэтгэлэг авч дэлхийд мэдээллээ түгээх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-11 17:58:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл хотноо энэ сарын 5-7-нд болсон  Азийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн 3 дугаар чуулганд оролцсон  Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр, “Чуулганаар хэлэлцсэн чухал сэдвийн нэг бол Мьянмар улсад хоригдож буй Ройтерс агентлагийн сэтгүүлч Ва Лон болон Кья Со О нарын асуудал байсан. Тус улсад өрнөсөн Рохингья үндэстний хүчирхийллийн тухай сурвалжлага хийснийх нь төлөө тэдэнд 7 жилийн хорих ял оноосон. Чуулганаас тэднийг суллахыг шаардаж сэтгүүлчид тус тусын мэдээллийн хэрэгсэлд нийтлэхээр болсон. Мөн чуулганы үеэр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн бүтээлийг нийтэд танилцуулав.Ийнхүү бүтээлээ нээлттэй болгосон нь  эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эрх ашгийн төлөөх байгууллагуудад сэтгүүлчийг хамгаалах боломж  болдог байна.



Тухайлбал,  “Seed news japan” сэтгүүлийн “Фукушима” цөмийн эрчим хүч үйлдвэрлэх станцаас агаар мандалд дэгдсэн цацраг идэвхит бодисын хэмжээг Японы холбогдох албануудын мэдээлснээс даруй хоёр дахин их байсныг баримтаар нотолсон, Энэтхэгийн “Cobrapost” сонинд сонгуульд нэр дэвшигчид, улс төрчдийн ихэнх нь хөрөнгө орлогын мэдүүлгээ хуурамчаар мэдүүлдгийг илчилсэн сурвалжлагыг танилцуулав.  Мөн “Factchecker.in” сайтаас гарсан дата сэтгүүл зүйн бүтээл олны анхаарлыг ихэд татаж байлаа. Уг бүтээлд үхрийг хуулиар хамгаалсан улс орнууд түүний эрхийг зөрчсөн этгээдэд хэрхэн ял оноосон түүхийг график ашиглан сонирхролтойгоор үзүүлсэн. Энэ удаагийн чуулганаар дата сэтгүүл зүй, түүний онцлог, цахим аргаар мэдээлэл хайх, нягтлах, нээлттэй мэдээллийг ашиглан асуудлыг тодорхой гаргаж, дүрс, график, хүснэгтээр илэрхийлэх зэрэг орчин үеийн технологийг ашиглаж буйг сэтгүүлчид сонирхон туршлага солилцсон.


Чуулганы үеэр Англи Улсын Лондон хотод төвтэй “Money tray” байгууллага сэтгүүлчдэд олгодог тэтгэлгээ танилцууллаа. Уг тэтгэлэг нь зөвхөн эдийн засгаар дагнасан эрэн сурвалжлах бүтээл туурвихад санхүүгийн тусламж үзүүлэхээс гадна олон нийтэд цацах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд Монгол сэтгүүлчид хамрах боломж нээлттэй бөгөөд дэлхийн хэмжээний  сурвалжлага, нийтэл бичих боломж юм.


“Money tray” байгууллагын талаарх мэдээлэл болон тэтгэлэг хүсэх бол info@moneytray.org и-мэйл хаягаар холбогдох боломжтой бөгөөд жилд 4 удаа тэтгэлэг олгодог аж. 

 “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын сүлжээ”-нээс дата сэтгүүл зүйн подкаст хийх, сошиал медиаг хэрхэн ашиглах хичээл заасан бөгөөд “gijn.org” сайтад сургалтын материалыг нээлттэй тавьсан байгаа" гэв.

Холбоотой мэдээ