Олон улсын стандарт нэвтрүүлэх нь шинэ зах зээл үүсгэнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-10-11 17:53:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Олон улсын стандарт нэвтрүүлснээр Монгол Улс өндөр хөгжилтэй оронд бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэнэ хэмээн “Чанарын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага” олон улсын хурлын төлөөлөгчид онцолж байна.


Стандарт хэмжил зүйн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд дээрх хурлыг зохион байгуулж буй юм.


Хуралд “Олон улсын хэмжил зүйн товчоо”, “Ази номхон далайн итгэмжлэлийн газар” болон тус салбарын 250 гаруй төлөөлөгч оролцож, олон улсын стандартын шаардлагыг хэрхэн хангах тухай харилцан туршлага солилцож байна.


 “Олон улсын стандартчиллын байгууллага”-ын ерөнхийлөгч Жон Уолтер мэндчилгээ дэвшүүлжээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын “Олон улсын стандарт техникийн хороо”-нд оролцох оролцоо өссөнийг  мэндчилгээнд онцолсон юм.




Энэ талаар Стандарт хэмжилзүйн газрын Стандартчилал тохирлын үнэлгээний бодлогын хэлтсийн газрын дарга Г.Өнөржаргал хэлэхдээ, “Манай байгууллага сүүлийн 3 жилийн хугацаанд чанарын дэд бүтцийг хөгжүүлж, бизнес эрхлэгч, төр, хувийн хэвшлийн төлөөллийг олон улсын сургалтад хамруулж, техникийн хорооны нарийн бичгийн дарга нарын чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажилласан.  Европын холбооноос 2013-2017 оны хооронд “Монгол Улсад стандартын тогтолцоог боловсронгуй болгох” төсөл хэрэгжүүлсэн. Олон улсын стандартын дагуу бараа бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэхийг энэхүү төслөөс суралцсан” гэв.

Хүний эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг стандарт тогтоодог бөгөөд үүний дагуу үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаас өмнө итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулдаг. Манай орны хувьд аль улс руу бараа бүтээгдэхүүн экспортлох гэж буйгаас хамаарч тухайн орны стандарт, техникийг судлан лабораторийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатайг “Олон улсын стандарчлалын байгууллага”-ын Азийн бүсийг хариуцсан дарга Адриан Го хэлсэн юм. Тэрбээр “Азийн бүсэд ISO-ийн гишүүн 26 орон байгаагаас идэвхтэй үйл ажиллагаанд оролцдог гишүүний нэг нь Монгол Улс. Монгол Улс Азийн бүс аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлснээр өндөр хөгжилтэй Америк, Европын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ худалдаалах боломж бүрдэнэ. Монголын итгэмжлэлийн байгууллага олон улсын болон бүс нутгийн хэлэлцээрт сорилт, баталгаажуулалт, техникийн хяналт гэсэн хэд, хэдэн чиглэлээр нэгдсэн нь цаашид хөгжиж дэвших боломжийг нээсэн” гэлээ.


Монгол Улсад 240 гаруй лаборатори үйл ажиллагаа явуулж буй бөгөөд үүний 30 хувь нь төр, үлдсэн нь хувийн хэвшлийнх аж.


Б.Янжиндулам

Холбоотой мэдээ