Монгол-Чехийн бизнес форумд Чех улсын 20 гаруй төлөөлөгч оролцож байна

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2018-10-11 14:14:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Чехийн бизнес форумд оролцохоор Чех улсын бохир ус цэвэршүүлэх, машин тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн жижиг оврын техник, банк, тээвэр, тээвэр зуучлал зэрэг чиглэлийн 10 орчим аж ахуйн нэгжийн 20 гаруй төлөөлөгч  Монголд ирээд байна.


 2012 оноос зохион байгуулж буй энэхүү форумын зорилго нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ бизнесийн боломжийг нээж өгөх явдал юм. Энэ удаагийн бизнес форумд Монголын талаас 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.
Манай хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн хэмжээ бодит боломжоос доогуур байгаа бөгөөд үүнийг цаашид нэмэгдүүлэх, экспортын нэр төрлийг олшруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо бүрэн байгаа билээ.

Монгол Улс, Европын Холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр үйлчилж эхэлснээр худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарт хамтран ажиллах эрх зүйн таатай орчин.
Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бүхий л салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаан чухал үүрэгтэй. Энэхүү ЗГХХК-ын ээлжит хуралдаан энэ оны 4 дүгээр сарын 9-10-нд Чех Улсын Прага хотноо болж, уг хуралдааны үеэр хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга зам, санал санаачлага, тулгамдаж буй асуудлуудыг дэлгэрэнгүй хэлэлцэж, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлсон.

Монгол, Чехийн хувийн хэвшил, бизнесийнхний хооронд хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэржилт, байгаль орчин хамгаалал, эрүүл мэнд болон бусад салбарт хамтран ажиллах бүрэн боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.
Тус бизнес форум нь хоёр улсын хувийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд шинэ боломж, зах зээл, түншлэл, харилцаа холбоо тогтоох боломжийг бүрдүүлэх юм.

Холбоотой мэдээ