Ж.Фишкин: Иргэд зөвлөлдөн шийдвэр гарахад эксперт, шинжээчдийн оролцоо чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-10-11 14:34:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ардчилсан нийгмийн гар хөл нь иргэд. Тэд доороосоо хэр их зөвлөлдөнө, тэр хэмжээгээр шийдвэр гарах түвшинд үнэн зөв нөлөөлнө” гэсэн асуудлыг хөндөж байгаагаар өнөөдөр эхэлсэн "Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага" олон улсын эрдэм шинжилгээний хурал орон нутгийн ардчиллыг хөгжүүлэхэд төвлөрч байна. Монгол Улсын Засгийн газрын ХЭГ-аас МУИС-тай хамтран зохион байгуулж буй уг хурал нь засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой аж.

Чуулганы нээлт дээр Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, "Иргэд өөрсдөө асуудалд оролцоод, харьцуулж бодоод, жижиг бүлгээр хэлэлцэж, ухаж ойлгоод шийдвэр гаргахдаа ямар ч дарга, эрдэм судлаачдаас ч илүү шийдвэр гаргадаг нь амьдралд нотлогдсон зүйл. Зөвлөлдөх ардчиллын энэ арга Азид их дэлгэрч байна" гэлээ. “БНСУ-д ард түмэн засгийн эрх барихаа больчихлоо. Ардчилал хямралд өртлөө” гэж Солонгосын эрдэмтэн, судлаачид, ярьж зөвлөлдөх ардчиллын зарчмыг томоохон шийдвэрүүд гаргахдаа хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Зөвлөлдөх санал асуулгыг ардчиллыг бэхжүүлэх арга хэрэгсэл болгон ашиглаж байна гэсэн үг хэмээн тэрбээр жишээ татаж байв. Манай улс 2017 онд “Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль батлан гаргасан нь Монгол Улсын төр, эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүйн түүхэнд томоохон үйл явдлуудыг өрнүүлэх эхлэл болсон.

Монгол Улс түүхэндээ анх удаа Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан. Түүнчлэн ард нийтийн бүрэн эрхэт байдлыг хангах зорилгоор Үндсэн хуулийн төслийг орон даяар бүх нийтээр хэлэлцүүлсэн гэдгийг тэрбээр тэмдэглэлээ. 2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анх удаа зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Статистикийн шинжлэх ухааны үндсэн гол аргуудын нэг болох энгийн санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын иргэдээс 1570 иргэнийг сонгон улс орон даяар санал асуулгыг явуулсан. Санал асуулгад хамрагдсан 1515 иргэнээс 785 иргэнийг сонгон урилга хүргүүлснээс хоёр дахь шатны судалгаанд 669 иргэн оролцсон байна. Ард нийтээр хэлэлцүүлсний дүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажил амжилттай явж байгааг онцолж байв.

 

“Мэдээж, зөвлөлдөх ардчиллын түвшин хөгжиж буй болон өндөр хөгжсөн орнуудын хувьд харилцан адилгүй. Харин адилхан зүйл нь эрхзүйн хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн сацуу гол нь хоорондоо зөвшилцөн хэлэлцэж шийдвэрт гаргахад оршдог бөгөөд улмаар үүний дараа асуудал хэрхэн яаж өөрчлөгдөв гэдэг нь чухал юм” хэмээн хурлын гол илтгэгч АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал, профессор Ж.Фишкин тодорхойлж байв. Дээрх нөхцөлд иргэдийн зөвшилцөх үйл явцад тухайн асуудлыг сайн мэдэх эксперт бүхий шинжээчид нэмэлт мэдээллээр хангах зэргээр үүрэгтэй оролцох нь зөвшилцлийн хамгийн сайн арга гэдгийг онцолж байв. Өнөөдрийн технологийн хөгжлийн эрин үед нийгэм өдөр тутмын телевиз, радио, интернэт ертөнцөөс мэдээлэл авч байгаа нь хүмүүсийн үзэл бодол төлөвшихөд нөлөөлөхөөс илүү экспертийн түвшинд мэдээлэл аваад том, “жижиг” асуудлаасаа хамаараад заавал бөөнөөр зөвлөлдөх бус, жижиг бүлгийн хэмжээнд ч хуваагдан ярилцаж 2-3 өдөр хэлэлцэх нь шийдвэрт эерэгээр нөлөөлнө гэж байв.


Азийн орнуудад хэрэгжүүлж буй зөвлөлдөх үйл ажиллагааны туршлагын нэг жишээ гэвэл Макаод хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг Засгийн газраас батлах хэрэгтэй юу гэсэн асуудлаар олон нийтийн дунд санал асуулга явуулж авахад ХМХ өөрийн эрхзүйн зохицуулалттай байх хэрэгтэй гэсэн дүн гарч байжээ.

Улстөрчид, бодлого боловсруулж тодорхойлогч, шийдвэр гаргах түвшний хүмүүс тухайн асуудлаар юу хэрэгтэйг мэдэж, өөрийн санал бодолтой байдаг ч тэр нь иргэдийн бодож буйтай 100 хувь таардаггүй учир иргэдийг төлөөлөх хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгож аваад санал солилцох үйл ажиллагаанд оролцуулах замаар иргэдийн дуу хоолойг илэрхийлж хангах нэг арга байна гэдгийг хурал дээр онцолж байлаа.


Манай улсын хувьд зөвлөлдөх санал асуулгыг явуулж байгаагүй биш, олон улсын хэмжээнд  хэрэглэж буй аргыг гурван удаа ашиглан иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргахад тусгасан байсны жишээ нь:

  • 2015 онд "Улаанбаатар хот дахь анхны зөвлөлдөх санал асуулга: Нийслэл хотын хөгжилд иргэдийн оролцоо",
  • 2017 онд "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба Зөвлөлдөх ардчилал"
  • 2018 онд “Налайх дүүрэгт явуулсан зөвлөлдөх хэлэлцүүлэг”-ийг тус тус зохион байгуулж байсныг олон улсын хурал дээр дурдаж байв.

Дээрх жишээнүүд нь Монгол Улсын нутгийн өөрөө удирдах байгууллагад зөвлөлдөх ардчиллыг ашиглах бүрэн боломжтойг харуулж байгааг онцолж байв. Энэ талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, “Ардчиллын зарчим дээр тулгуурласан зөвлөлдөх ардчилал нь олонхийн ардчиллаас давуу талтай, шинэ загвар болон дэлхий дахин хүчтэй өрнөж, энэ талаар олон улсын том судлаачид эрдэмтэд бүтээл их гаргаж судлаж байна. Энэ шинэ үзэгдлийг Монолд тодорхой тооны хүмүүс олж хараад оруулж ирээд олон хүний ашиг сонирхлыг хөндсөн, нийгмийн анхаарлын төвд байдаг Монгол Улсынхаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар асуудлаар анхны зөвлөлдөх санал асуулгыг явуулсан нь монолчууд дэлхий дахин гарч ирж буй ардчиллын энэ шинэ үзэгдлийг өөрийнхөө улстөр, нийгмийн амьдралд тусгаж буй сайн зүйл гэж бодож байна” гэж онцолж байв. Тэрээр, шинэ зүйлийг нэвтрүүлэхэд алдаа, оноо гаргахыг үгүйсгэхгүй, гэхдээ хэн нэг нь энэ асуудлыг хэзээ нэгэн цагт эхлүүлэхгүй юм бол бид хэзээ ч зөв үр дүнд хүрэхгүй юм гэж байв.


АНУ, Эстони, Япон, БНСУ, БНХАУ, Австрали зэрэг улсын эрдэмтэн, судлаачдын хамт манай улсын эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон ТББ-ын 120 гаруй эрдэмтэн, судлаач, удирдах албан хаагчид болон гадаадын зочид оролцож буй дээрх хурлаар Японы Кэйо Их сургуулийн хүндэт профессор Ясунори Соне "Бодлого боловсруулах үйл явц дахь зөвлөлдөх санал асуулгын туршлага", БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор Хан Кюү Сүп "Өмнөд Солонгосын Шин Кори 5 ба 6 олон нийтийн зөвлөлдөх хэлэлцүүлгийн чанар", БНХАУ-ын эрдэмтэн "Авторитар дэглэмд Зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлэх нь" зэрэг зэрэг илтгэлийг тус тус хэлэлцүүлж байна. "Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага" олон улсын эрдэм шинжилгээний хурал аравдугаар сарын 11-12-нд МУИС-ийн Номын санд үргэлжилж байна.


Хурлын 2 дахь өдөр буюу маргааш “Орон нутгийн төсвийн төлөвлөлтийг зөвлөлдөх ардчиллын механизмаар хэрэгжүүлэх нь” загвар сургалт зохион байгуулах юм. Энэхүү хуралд манай улсын аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нар оролцож төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг ач холбогдлын дагуу эрэмбэлэхэд иргэдийн саналыг зөвлөлдөх санал асуулгын арга зүйг ашиглан тусгах талаар гадаад, дотоодын туршлагыг судлах  юм. Энэ хүрээнд оролцогчид Орхон аймгийн Жаргалант сумыг загвар сургалтын жишээ болгон тус сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэх 3 асуудлыг эрэмбэлэх юм байна.


Б.Болд

Гэрэл зургуудийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ