Мэдээлэл технологийн салбарынхан маргааш нээлттэй өнжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-11 14:54:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Шинэ хөгжлийн түлхүүр” ТББ-тай хамтран мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг энэ сарын 12-нд болох юм байна.

 Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв, “MKIT” сургалтын төвд болох тус өдөрлөгт мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж, МСҮТ, сургалтын төв төгссөн залуучууд болон төгсөх ангийн оюутнууд хамрагдах боломжтой аж. Мөн өдөрлөгт  “Мобиком” ХХК, “Mongolian Software corporation” ХХК-ийн салбар компаниуд, “Астерикс” ХХК, “Од инновэйшн” ХХК оролцож мэдээлэл түгээх юм байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага  КОЙКА-гийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” MKIT сургалтын төвтэй хамтран залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан шатны нийт 8 төрлийн нарийн мэргэжлийн сургалтыг  төлбөргүй зохион байгуулж байна.


Тус сургалтад 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 2638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн бөгөөд сургалт зохион байгуулах орчны хүртээмжээс хамааран 1893 залуус сургалтад хамрагдаж, 646 нь төгссөн. Сургалтаа “А” үнэлгээтэй төгссөн залуусыг “Бизнес инкубатор төв”-өөр дамжуулан цалинтай дадлагажуулж, ажлын байранд холбож байна. Залуучуудыг нарийн мэргэжилтэй болгож, дотооддоо тогтвортой ажлын байраар хангагдах, гадны аж ахуйн нэгж, байгууллагуудаас захиалга авч, аутсорсингийн үйлчилгээ үзүүлэн, эх орондоо өндөр цалинтай хөдөлмөр эрхлэх боломжийг энэхүү сургалтын төв нь бүрдүүлж буй юм. Тиймээс тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна” гэлээ.

Мөн “Шинэ хөгжлийн түлхүүр” ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Амаржаргал хэлэхдээ: "Манай байгууллага нь 2013 оноос эхлэн хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үндэсний 120 компанитай хамтран ажилладаг. Энэ удаагийн ажлын байрны нээлттэй өдөрлөгт мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцохоор бүртгүүлсэн. Нарийн мэргэжил шаардсан ажлын байранд орох хүсэлтэй иргэдийн ур чадварыг  өдөрлөгийн үеэр шалгах бөгөөд энэ нь ажил олгогчийн шийдвэр гаргах хугацааг богиносгох, ажлын байранд холбох үйлчилгээг шуурхай болгох давуу талтай юм " гэв.

 Нийслэлийн Засаг дарга  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.4-т “Оюутан залуусыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах юм байна. 

Холбоотой мэдээ