Монголчуудын эрхэм нөхөр Жак Легран гуай

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-10-11 16:33:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Азийн нэгэн содон түүх, нүүдлийн давтагдашгүй соёл иргэншил, хэл, зан заншлыг тээж яваа монголчуудын тухай эртнээс дэлхийн олон эрдэмтэн сонирхон судалсаар иржээ. Тэдний нэг бол Францын нэрт монголч эрдэмтэн, хэлний зүй судлаач, түүхийн ухааны доктор, профессор Жак Легран юм.Тэрбээр орос, хятад, чех, англи, польш хэлтэйгээс гадна монгол хэлийг гүнзгий сайн эзэмшсэн эрдэмтдийн тоонд зүй ёсоор багтдаг, монгол оронтой хувь заяагаа холбоод даруй 50 жил өнгөрч буй, монгол судлал, нүүдэлчдийн хэл, соёлыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлж, таниулахад өөрийн нэгэн насны амьдралыг зориулж яваа хүн. Ийнхүү монгол хэл, соёл, түүхийг дэлхий дахинаа таниулахын төлөө зүтгэж явааг нь үнэлэн түүнд 1989 онд монгол хэл, соёл иргэншлийн профессор цол олгосон ажээ.


Жак Легран гуай 1971-1989 онд Сорбонны их сургуулийн харьяа Дорно дахины хэл, соёл иргэншлийн үндэсний дээд сургуульд тухайн үед шинээр нээгдээд байсан монгол судлалын тэнхимд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, “Дорнод Азийн соёл иргэншил” сэдвээр лекц уншиж, монгол хэл, соёл, түүхийн талаар судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр Монголчуудын нүүдлийн амьдрал, түүний уламжлал, орчин цагийн түүх, монгол хэлний дүрмийн талаар хэд хэдэн ном зохиол бичиж нийтлүүлжээ. Мөн монгол хэлний авианы тогтолцоо, үгийн бүтэц, өгүүлбэрийн байгууллыг тусгасан комьпютерийн программ боловсруулан, хоёр ботиор бэлтгэн хэвлүүлсэн нь дэлхийн монгол судлаач, сонирхогчдод сургалт судалгааны нэн тустай ажил болсон байдаг юм. Гэргий Ядвига Легрантай хамтран хийсэн “Монгол-Франц толь бичиг”  бол бас түүний гол бүтээлийн нэг.




Тэрбээр монгол судлалын чиглэлээр эрдмийн ажил хийхийн зэрэгцээ Олон Улсын Монгол судлалын холбооны нарийн бичгийн даргаар цөөнгүй жил ажиллаж, шинэ цагийн монгол судлалын бодлого, чиглэлийг гаргах, Олон улсын монголч эрдэмтдийн хурлыг тогтмолжуулах зэрэгт зохих хувь нэмрээ оруулсан хүн юм. Түүнчлэн 1992 онд ЮНЕСКО-ийн “Нүүдэлчдийн зам” экспедицийн “Торгоны зам” хөтөлбөрт оролцох үеэс Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн байгуулах санаачилгыг гаргаж, 1998 онд уг төвийг ЮНЕСКО-ийн дэмжлэгтэй Улаанбаатар хотноо байгуулсан, одоо үйл ажиллагаа нь амжилттай үргэлжилж байна.




Жак Легран гуай 1970-аад оны эхнээс Сорбонны Дорно дахины  хэл, соёл иргэншлийн үндэсний дээд сургуульд монгол хэл зааж, багшилсан учраас өдгөөгийн Францын монгол судлаач эрдэмтдийн ихэнх нь түүний  шавь.  Хожим 2005-2013 онд тус сургуулийн Ерөнхийлөгчөөр ажиллахдаа ч Монголыг дэмжсэн, монгол хэл, соёлыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой олон ажлыг санаачлан хэрэгжүүлж, түүнд олон шавь нараа татан оролцуулж байв.


Анх 1967 ондМонгол Улс дахь Францын Элчин сайдын яамны допломат ажилтнаар томилогдон манай улсад хөл тавьсан Жак Легран гуай тухайн үед амьд сэрүүн байсан нэрт эрдэмтэн Б.Ринчен, Д.Цэвэгмэд, Б.Ширэндэв нартай танилцан нөхөрлөж, монголын түүх, соёл, хэлний талаар яриа өрнүүлж явснаа ихэд бэлгэшээдэг. Магадгүй, түүнийг эргэлт буцалтгүй монгол судлалыг сонгоход, монголд хайртай болоход дээрх эрхмүүдийн яриа нөлөөлсөн болов уу. Тэрбээр Монголд ирээд удаагүй байхдаа тухайн үеийн ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэвтэй уулзаж танилцахад түүнд  Францын үндэсний архиваас авсан Өлзий хааны захидлын  хувилбарыг монголоор хөрвүүлж хэвлүүлснээ бэлэглэсэн байна. Өдгөө профессор Жак Легран гуайн гэрт тэрхүү бэлэг хамгийн хүндтэй эрхэм зүйлд тооцогддог бөгөөд номынхоо өргөөнд дипломтойгоо  зэрэгцүүлэн залжээ.


Ер нь монгол орон түүний амьдрал, хувь заяанд ямагт ивээлтэй байсан юм шиг. Монгол судлалаар тэр дэлхийд нэртэй эрдэмтэн болсон. Эхнэр Ядвига Легрантай тэрбээр анх Улаанбаатар хотноо танилцаж байж. 1982 оны наймдугаар сар буюу Монголд намрын улирал айлчилсан тэр л налгар өдрүүдэд Олон улсын монголч эрдэмтдийн их хуралд оролцохоор эхнэр нь Польшоос, өөрөө Францаас ирснээс хойш тэдний амьдрал, хүсэл мөрөөдөл нэг болсон байна. Мөн тэдний охины нэр Инээс. Монголын “инээмсэглэл” гэдэг үгийг далд утгаар агуулсан монгол нэр бөгөөд авиан дуудлага нь ч төстэй. Хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилтэй охин нь үргэлж инээмсэглэж байдаг учир уг нэрийг хайрласан хэмээн Жак Легран гуай 2011 онд Улаанбаатар хотноо Олон улсын монголч эрдэмтдийн ээлжит хуралд оролцох үеэрээ сэтгүүлчдэд хуучилжээ.


Одоо ч тэр үргэлж монгол орон, монголчуудтай холбоотой байдаг. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн зун Монгол Улсад зочилж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавихын зэрэгцээ СУИС-ийн хүндэт профессор цол хүртэж “Миний бие 50 гаруй жил Монголын талаар судалж, монгол орон, монголын ард түмэнтэй нягт холбоотой явж ирлээ. 1967 оны нэгдүгээр сарын 29-нд анх удаа Монголд ирж байснаас хойш олон сайхан хүмүүстэй хамтран ажиллаж байгаа учраас Монгол орон миний төрсөн нутгаас өөрцгүй болсон билээ” гэж чин сэтгэлийн үгээ хэлжээ.




Хагас зуун жил гаруй монголч эрдэмтэн гэх нэр зүүж, монголын үүх түүх, хэл соёлд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан Жак Легран гуай “Монгол миний төрсөн нутгаас өөрцгүй” хэмээн сэтгэл догдлуулан ярих нь аргагүй бизээ. Монгол орон тэдний хоёр дахь гэр байхаас аргагүй. Учир нь Жак Легран гуай бол монголчуудын эрхэм дотны нөхөр билээ.

 


 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ