Хил дамнасан асуудлыг шийдэхэд хөрш орнуудын хууль, хил хамгаалах байгуулагатай хамтран ажиллах нь үр дүнтэй

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2018-10-12 14:29:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХСИС-ийн байранд болсон “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Япон, Солонгос, ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, БНСУ, Украйн Улсын эрдэмтэн судлаачид оролцож хөрш улсын хил хамгаалах, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд санал нэгдэв.

Тус хуралд  ЕТГ, ХЗДХЯ, БХЯ, ГХЯ, ЦЕГ, ХХЕГ, Гадаадын иргэн, харьяатын газар, ОБЕГ, ТЕГ, Гаалийн ерөнхий газар, МХЕГ зэрэг төрийн захиргааны 35 байгууллага, 6 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний 10 хүрээлэн, төрийн бус 3 байгууллагын 300 гаруй эрдэмтэн, гадаадын 70 гаруй зочин, төлөөлөгч  оролцов.



ХСИС-ийн захирал Ө.Энхтөр, “Монгол Улс дэлхийн бүх улстай эрх тэгш харилцахыг ямагт эрхэмлэж, хоёр хөрш улстайгаа хилийн маргаангүй оршиж ирсэн. Энэ нь манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэх суурь зарчимтай холбоотой бөгөөд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг ямагт хүндэлж ирсний илрэл, бүс нутаг төдийгүй дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буйн нотолгоо юм.  Энэ хурлаар хил хамгаалах салбарын хөгжил, цаашдын хандлага, эрх зүйн зохицуулалт, хилийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг практик болон онолын түвшинд авч хэлэлцэх бөгөөд эрдэмтэн судлаач та бүхний дэвшүүлсэн санаа, судалгааны үр дүнг бодлогын түвшинд нэвтрүүлэх зөвлөмж болгон боловсруулах юм. Түүнчлэн та бүхний судалгааны илтгэл, хэлэлцүүлгийн эмхэтгэн гаргана” гэв.



ХСИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, хурандаа Б.Бат-Эрдэнэ, “Хоёр улсын хилийн асуудал олон улсын эрх зүйгээр баталгаажсан, НҮБ-д бүртгэгдсэн ямар ч маргаангүйгээрээ онцлог. Хар тамхи мансууруулах бодисын хууль бус үйлдэл сүүлийн жилүүдэд дэлхийн орнуудын анхаарлын төвд орсон. Баруун, хойд хилээс хил зөрчиж мал хулгайлах хэрэг харьцангуй буурсан хэдий ч энэ төрлийн хэрэг гарсаар л байна. Гал түймэр хил дамнах нь чухал анхаарах асуудлын нэг болоод байна. Хилээр орж гардаг ан амьтны хөлөөр гоц халдварт өвчин тархах асуудлыг судлаачид хэлж байна. Урт үргэлжилсэн хилтэй манай орны хувьд энэ олон асуудлаас дан ганцаар аюулгүй байдлаа хангах боломжгүй. Хил дамнасан асуудлыг шийдэхэд хөрш орнуудын хууль, хил хамгаалах байгуулагатай хамтран ажиллах нь үр дүнтэй гэдгийг ч мөн илтгэгчид хэллээ.” гэв.

“Хууль сахиулахын их сургуулиас УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯ, ХХЕГ, Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгуулж буй тус хурлаас гарсан үр дүнгээр зөвлөмж боловсруулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн дээд болон төв байгууллагуудад хүргүүлэх аж.


Холбоотой мэдээ