Бат-Өлзий сум иргэдийн оролцоог хангасан сайн туршлага бүхий загвар сум болно

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-10-12 12:15:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Бат-Өлзий суманд "ОНХС-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шинэлэг санаачилгын төсөл" хэрэгжиж байна.

Бат-Өлзий сумын ИТХ, “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс хамтран 10 дугаар сарын 1-ээс 11 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд хэрэгжүүлэх тус төслөөр суманд 2016-2018 онд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжиж дууссан, одоо хэрэгжүүлж байгаа 4 бүтээн байгуулалтыг сонгож аван хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх юм. Тодруулбал, хогийн цэгийн менежмент, сумын төвийн сайжруулсан зам, гэр хорооллын гэрэлтүүлэг, сургуулийн спорт заалны засварын чанарт үнэлгээ өгөх байдлаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх аж.  Мөн сумын нийт өрхийн 70 хувьд буюу 1500 гаруй өрхөд иргэдийн оролцооны талаарх гарын авлага материал тарааж, мэдээлэл түгээнэ.

Төслийн хүрээнд энэ сарын 9-ний өдөр “ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, сумын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид, 150 гаруй иргэд оролцон ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудын чанар, хүртээмж, үр дүнгийн талаар саналаа илэрхийллээ.

Төсвийн тухай хуульд аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр ОНХС-тай байна гэж заасан байдаг. ОНХС-ийн хөрөнгө нь орон нутгийн хөгжлийг дэмжиж, нутгийн иргэдийн ая тухтай орчинд эрхээ эдлэн, үүргээ биелүүлэн аж төрөх, олон нийтийн эрх ашгийг хангахад зориулагдах учиртай. Тэгвэл ОНХС-ийн талаарх мэдлэг хомс, иргэдийн оролцоо идэвх сул байгаагаас ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, чанар, ач холбогдлын асуудал хаа сайгүй яригдах болоод байна.

“Тогтвортой амьжиргаа-3” төслийн орон нутгийн зохицуулагч Т.Нарангарав хэлэхдээ “Та бүхэн хийгдээд дууссан ажлыг шүүмжлээд өнөөдөр үр дүн гаргахад хэцүү. Харин ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлуудад эхнээсээ саналаа өгч оролцон, төрийн байгууллагуудтайгаа хамтран хяналтаа тавьж, явцад нь засаж залруулж явж байж төсөл хөтөлбөрүүд үр өгөөжтөй болж, сум орон нутагт хөгжил ирэх юм” гэлээ.

Тус суманд хэрэгжиж буй “ОНХС-ийн ХШҮ-нд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шинэлэг санаачилгын төсөл”-д “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс 7.0 сая төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд Бат-Өлзий сумынхан хяналт шинжилгээ, үнэлгээнд иргэдийн оролцоог хангасан сайн туршлага бүхий загвар сум болох зорилт тавин ажиллаж байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ