Охидод гоо үзэсгэлэн, гадаад байдлаар ялгаварлах бэрхшээл байнга тулгардаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-12 11:57:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблей 2012 оноос эхлэн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” хэмээн тунхагласан бөгөөд эл өдрийг дэлхийн 193 орон  тэмдэглэдэг байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил хамгааллын газар, Лидер сурагч академи хамтран дэлхийн охидын өдөрт зориулан “Хүч чадалтай охид” чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Чуулга уулзалтад 70 гаруй сургуулийн 600 охин, 50 ээж, 50 багш нарын төлөөлөл оролцов. Мөн уулзалтад урилгаар салбартаа амжилт гаргасан 5 эмэгтэй уригдан чөлөөт ярилцлага хийж охидтой хамт нэгэн өдрийг өнгөрүүллээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хөгжил хамгааллын газрын дарга О.Сэлэнгэ хэлэхдээ, “Энэ уулзалтын гол зорилго нь охидод тулгарч буй асуудлыг тодорхойлж, шийдэх гарцыг хайхад оршиж байна. Нөгөө талаасаа охид эрэгтэй хүүхдэд хэрхэн яаж зөв үлгэрлэх, тэд нийгмийн сайн, сайхны төлөө юу хийж чадах вэ гэдгийг ярилцах юм. Зөвхөн ярилцах биш ажил хэрэг болгоно.Хүүхдийг хайрлаж, тэдний эрхийг хамгаалах нь бүх салбарын хүмүүсийн үүрэг” хэмээлээ.

"Лидер сурагч" академийн тэргүүн, 67 дугаар сургуулийн 12А ангийн сурагч А.Оюун-Эрдэнэ ярихдаа, “Охидод төрөл бүрийн  асуудал тулгардаг, ялангуяа гоо үзэсгэлэнгийн хувьд давхраатай, давхраагүй, тарган, намхан гэх мэт гадаад үзэмжээр их ялгаварладаг. Гадуурхал гэдэг зүйл сургууль дээр гэхээсээ илүү цахим орчинд их ажиглагддаг. Нэгнийхээ зурган дор доромжилсон сэтгэгдэл бичих, зөвшөөрөлгүй зураг бичлэг нийтлэх гэх мэт. Би өдөрт багадаа 6 цаг фэйсбүүк ашигладаг. Өмнө нь хичээлийн дундуур фэйсбүүк ордог байсан бол одоо фэйсбүүкийн дундуур хичээлээ хийдэг болсон. Сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хэрэгтэй гэдгийг охид их дэмжиж байгаа. Үүнийг шийдэх нь хамгийн эхний асуудал гэж бодож байна” гэлээ.


О.Мөнхжаргал

 

 

Холбоотой мэдээ