Камбож улс 2030 он гэхэд 15 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-10-11 17:45:37

ПНОМ-ПЕН. /Xinhua/. Камбож улс 2025 он гэхэд гадаадын 10 сая жуулчин, 2030 он гэхэд 15 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Аялал жуулчлалын сайд Тонг Хон пүрэв гарагт болсон аялал жуулчлалын үзэсгэлэн дээр мэдэгджээ.


Өнгөрсөн онд гадаадын 5.6 сая жуулчин тус улсыг сонгон аялсан бөгөөд үүний нийт орлого нь 3.6 тэрбум ам.доллар байсан нь Камбож улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувьтай тэнцсэн ажээ.


2018 оны эхний найман сарын байдлаар, нийт 3.9 сая жуулчин хүлээн аваад байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.7 хувиар өссөн үзүүлэлт болсон гэж Т.Хон онцлон тэмдэглэсэн байна.


Тус улсыг сонгон аялах жуулчдын тоогоороо Хятад, Вьетнам, Лаос, Өмнөд Солонгос болон Тайланд улс тэргүүлдэг гэж Аялал жуулчлалын яамны тайланд мэдээлжээ. Мөн аялал жуулчлалын салбар 620 мянга гаруй ажлын байрыг бий болгож байгаа юм.


Камбож улс нь дэлхийн үнэт өв санд бүртгэгдсэн гурван газраараа алдартай юм. Тэдгээрийг дурдвал, Сием Реап муж дахь Ангкор археологийн хүрээлэн, Преах Вихеар муж дахь “Преах Вихеар” сүм болон Кампон Том муж дахь “Самбор Прей Кук” археологийн дурсгалт газар ажээ.


Дээрх газруудаас гадна, тус улсын баруун өмнөд хэсгийн Кахкон, Преах Сиханоук, Кампот болон Кеп зэрэг дөрвөн муж дамнан 450 километр урт сунаж тогтсон онгон дагшин, хүний гар хүрээгүй эргийн шугамтай юм байна.

Холбоотой мэдээ