Үйлдвэрлэгчид үзэсгэлэн худалдааны үеэр 37 сая гаруй төгрөгний борлуулалт хийжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2018-10-12 14:11:12

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, аймгийн ЗДТГ хамтран Завхан түншлэл2018 үзэсгэлэн худалдааг зохион байгуулж 37.8 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Тус үзэсгэлэн худалдаанд Завханы 16 сум, Булган, Сэлэнгэ, Ховд, Улаанбаатар хотын үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, 70 гаруй бизнес эрхлэгч оролцсон байна.

Энэхүү үзэсгэлэн худалдааг Завхан аймаг жилд хоёр удаа улирлын онцлогтой зохион байгуулдаг уламжлалтай. Зарим жилд эрэлтэнд тулгуурлаж гурваас дөрвөн удаа ч үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Үзэсгэлэн худалдааг орон нутгийн аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчид, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн санхүүгийн дэмжлэг болон жижиг зээлд хамрагдсан иргэд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих. Үйлдвэрлэгчид өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, гадаад болон дотоод зах зээлд сурталчлан борлуулах боломжийг бий болгодог ажил юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны үеэр Улаанбаатар хотоос урилгаар сургагч багш нар ирж үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан Мөнгө болгох мянган санаа, Онлайнаар санхүүгээ хөтлөх, удирдах, хянах боломжтой гэсэн зөвлөгөө, лекцийг бизнес эрхлэгчдэд өгсөн байна. Үзэсгэлэн худалдаа-2018”-д үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн сүү, цагаан идээ, үндэсний өв уламжлалын дээл хувцас, гутал малгай, гоёл чимэглэл, зөөлөн оёдлын бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, мод, модон бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн гээд 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн тавьжээ. Үзэсгэлэнгийн гран при шагналыг Завхан аймгийн Мөнхөд Мандаг ХХК-ийн бүтээгдэхүүнүүд хүртсэн. Энэ компани хүнсний үйлдвэрлэлийг орон нутагтаа эрхэлдэг. Жил бүр бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг сайжруулж энэ жил монгол архи гэхэд дөрвөн төрлөөр, ургамлын цай гэхэд гурван төрлийг шинээр үйлдвэрлэсэн байна. Түүнчлэн хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон сум, шилдэг хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шилдэг хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнийг тус тус шалгаруулж урамшуулжээ. Үзэсгэлэнгийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнээр Завхан аймгийн Яруу сумын иргэн Л.Нандинцэцэгийн цагаан идээ шалгарсан. Үзэсгэлэнгийн үеэр Завхан аймгийн бизнес эрхлэгч үйлдвэрлэгчид Булган, Ховд аймгийн үйлдвэрлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ удаад орон нутгийн үйлдвэрлэгчид гадна аймаг, хотын үйлдвэрлэгчтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон талын боломжийг олж авсан нь үзэсгэлэнгийн бас нэг онцлог, үр дүн байв хэмээн МХАҮТ-ын Завхан салбараас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн  

Холбоотой мэдээ