Морингийн даваанд хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-10-11 17:50:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын хүн амын өсөлтөөс хамааран үүсэж буй хог хаягдлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, хогийн цэгүүд дүүрэх, даац хэтрэх эрсдэл тулгарч байгааг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж төсөл санаачлагчийн илтгэлдээ онцлов. Тэрбээр, “Хуучны барилга байгууламжуудыг нураах үед гарах хатуу хог хаягдлыг дахин боловсруулж барилгын материал үйлдвэрлэх шаардлага үүсээд байна. Иймээс Засгийн газар барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барихаар төлөвлөж байгаа. Уг төслийг хэрэгжүүлснээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээг шинэчлэхийн зэрэгцээ хогийн цэгүүдийн хүчин чадлыг дөрвөн сая тонноор нэмэх юм. Төслийг хэрэгжүүлэх зорилгоор Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Монол Улсад 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно. Зээл нь 15 жилийн хугацаатай, эхний гурван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн С.Батболд гишүүн хог хаягдлын менежментийг төрөөс баталж, нийслэл болон аймгууд хувийн хэвшилтэйгээ хамтран хэрэгжүүлэх ёстой гэдгийг онцлод энэ чиглэлд төлөвлөгөө боловсруулсан эсэхийг тодрууллаа.

Монгол Улс хогийг хаягдал бус дахин боловсруулсан бүтээгдэхүүн гэдэг талаас нь харах хэрэгтэй гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлээд, “Европын сэргээн босголт банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрт зөвхөн барилгын буюу хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг Морингийн даваанд байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Харин Б.Энх-Амгалан гишүүн “Prius” маркийн автомашинаас гарч буй зай хураагуур, дугуй болон бусад их хэмжээний аюултай хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг асуулаа.

Автомашины дугуй болон зай хураагуураас авах татварын хэмжээг нэмж, тухайн орлогыг хог хаягдал устах чиглэлд зарцуулахаар төлөвлөж байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцлов.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийг соёрхон батлав.

Холбоотой мэдээ