Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай конвенцийг соёрхон батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-11 18:04:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Арбитрын байнгын шүүх нь Нидерланд Улсын Гааг хотноо байрладаг олон улсын маргаан шийдвэрлэдэг Засгийн газар хоорондын байгууллага юм. Уг байгууллагыг 1899 онд Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн 1899 оны конвенцийн 20-29 дүгээр зүйлд заасны дагуу байгуулсан бөгөөд одоогоор 121 орон гишүүнээр элсээд байгаа юм. Тус байгууллага нь гишүүн улс орон, олон улсын байгууллага болон хувийн ААН-үүдийн хооронд олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой үүссэн маргааныг хянан шийдвэрлэдэг гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа.

Тэрбээр, "Манай улс тус байгууллагын гишүүн болсноор арбитрын шүүхийн Санхүүгийн тусламжийн санд хамрагдах эрхтэй болж, маргаана хямд өртгөөр шийдвэрлүүлэх боломжтой болно. Гишүүн орон нь олон улсын эрх зүйн мэдлэгтэй, өндөр ёс зүйтэй, нэр хүндтэй 4 хүртэлх хүнийг Шүүхийн гишүүнээр сонгуулах эрхтэй байдаг. Арбитрын байнгын шүүхийн Олон улсын товчоо нь гишүүн улсуудтайгаа хамтран олон улсын маргаан шийдвэрлэх чиглэлээр төрийн албан хаагч, хуульч болон бусад мэргэжилтнүүдийг сургах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, тухайн орнуудад хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход туслалцаа үзүүлдэг юм. Монгол улсад хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад худалдаа өргөжиж байгаа өнөө үед аливаа маргааныг хямд өртгөөр зохицуулахын тулд арбитрын байнгын шүүхийн гишүүнээр элсэх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн" гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Оюундарь, Тэрбишдагва нар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Ийнхүү санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталлаа.

Холбоотой мэдээ