Дүрслэх урлагийн шилдэг 6 бүтээлийг улсын санд худалдан авав

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2018-10-11 18:11:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Оны шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа өнөөдөр Уран зургийн галерейд болж, шилдгүүдийг тодрууллаа.


Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд шалгаруулан авах журам”-ын дагуу Мэргэжлийн зөвлөл шилдэг бүтээлүүдийг шалгаруулан улсын сан хөмрөгт худалдан авдаг уламжлалтай.

Уран зургийн галерейн менежер Ө.Даваажаргал хэлэхдээ, “Энэ жилийн шалгаруулалтад уран зургийн холимог техникийн арга ашигласан бүтээлүүд ирж, залуу уран бүтээлчид оролцсон нь өмнөх жилүүдээс онцлогтой. Жил бүр уран зураг, баримлуудаас шалгаруулж улсын сан хөмрөгийг  баяжуулдаг. Нийт 45 гаруй сая төгрөгөөр худалдан авдаг. Гэхдээ энэ нь их мөнгө биш” гэв.

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Уран зургийн галерей хамтран зохион байгуулсан уралдаант үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн нийт 117 бүтээл дэлгэжээ. Үүнээс оны шилдэг бүтээлээр Ц.Баттөр, “Хар цас”, С.Болдбаатар “Парисын бороотой намар”, П.Ганбат “Эх” уран зураг, Т.Нурмаажав “Цагийн хүрдэн”, “Г.Одбаяр “Хүлэгү хаан” монгол зураг, Т.Даваасамбуу “Тал нутгийн морьтон” уран баримал тус тус шалгарлаа.




Зураач Т.Нурмаажав хэлэхдээ, “Цагийн хүрдэн” бүтээл маань энэ жилийн оны шилдэг бүтээлээр шалгарсанд баяртай байна. Манай монголчууд эртнээс авдар сав гэхчлэн ахуйн хэрэгцээндээ модон дээр зурдаг уламжлалтай. Энэхүү ардын уламжлалт модон дээрх өв соёлыг өвлөн уламжлуулах үүднээс тухайн технологийг ашиглан модон хавтан дээр зурсан. нэрний тухайд монгол цаг тоолол мэт боловч нөгөө талаас нар, сар мэт дугуй зохиомжид уялдуулан  өнгөрсөн, одоо, ирээдүй он цагийн хэлхээсийг билэгдэл болгон оруулсан. Хүн өчүүхэн хугацаанд ирээд буцдаг. Хамгийн хүчтэй зүйл бол цаг хугацаа юм гэдгийг бүтээлээрээ харуулахыг зорилоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Эдгээр шилдгээр шалгарсан бүтээлээр үргэлжлүүлэн үзэсгэлэн зохион байгуулах аж.

Дашрамд дурдахад, Монголын Уран зургийн галерейн албан ёсны www.art-gallery.mn веб сайт дахь “Аrt shop”-оор зочлон 2018 оны шилдэг уран бүтээлийн шалгаруулалтад оролцсон зураачдын уран бүтээлтэй танилцан сонирхсон бүтээлээ худалдан авах боломжтой.


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ