Олон улсын охидын өдрөөр 600 охин чуулав

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2018-10-11 18:53:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхагласан. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байна.

 

Манай улсад эл өдрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/,  “Лидер сурагч академи” хүүхдийн өөрөө удирдах байгууллагатай хамтран “Хүч чадалтай охид” уриан дор охидын чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү охидын чуулга уулзалтад 70 гаруй сургуулийн 600-аад охин, 50 ээж, 50 багш нарын төлөөлөл оролцов. Урилгаар өөр өөрийн салбартаа амжилт гаргасан охидын үлгэр дуурайлал болсон дуучин Д.Уламбаяр,  жүжигчин Б.Мишээл, “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн сэтгэл зүйч Б.Алтанцэцэг, загвар өмсөгч С.Төгс нар хүрэлцэн ирж охидтой бага нас хэрхэн өнгөрсөн, бага насны мөрөөдөл зорилго, хэрхэн амжилтанд хүрсэн талаараа чөлөөт ярилцлага хийж, нэгэн өдрийг өнгөрөөлөө.  Энэхүү чуулганаар охид тулгамдсан асуудлаа хэлэлцэж, гарц шийдэл гарган нийгмийн сайн сайхны төлөө нэгдсэн юм.

Монгол Улсын хэмжээнд 2017 онд Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 0-18 насны 587.250 охид байгаа бөгөөд 0-4 насны 191.702, 5-9 насны 167.007, 10-14 насны 113.948, 15-18 насны 114.593 охид байна.

Холбоотой мэдээ