Дэлхийн стандартын өдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-17 20:55:37

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймаг 10-р сарын 14-ны өдөр буюу дэлхийн стандартын өдөрт зориулан иргэдэд нээлттэй ажиллах тухайгаа зарлалаа. Энэ үеэр иргэд аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн үйлчилгээний танхимаас стандарттай хэрхэн танилцах вэ?, стандартаа түлхүүр үгээр, стандартын ангилалтын кодоор, дугаараар хайлт хийж, бүрэн эхээр нь хэрхэн үзэж танилцаж болох талаарх мэдээллийг иргэдэд өгөх юм байна.

Мөн стандарт авах шаардлагатай бол Стандартын мэдээлэл лавлагааны салбар сангаас үйлчилгээг газар дээр нь шуурхай үзүүлэх ажээ. Түүнчлэн зарим аж ахуйн нэгж байгууллагуудыг урамшуулах юм. Дэлхийн стандартын  өдрийг дэлхий нийтээрээ жил бүрийн 10-р сарын 14-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн хоорондын харилцаанд стандартчилал нь ихээхэн үүрэг үзүүлж байгааг онцлон үзэж, ач холбогдолыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах, улам бүр идэвжүүлэх зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Дэлхийн стандартын өдөр-ийг олон улсын стандартчиллын байгууллага (ISO, IEC, ITU)-уудаас жил бүр онцгойлсон уриан дор тэмдэглэдэг бөгөөд 2018 онд Олон улсын стандарт ба Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэсэн уриатайгаар тэмдэглэж байна. Энэ өдөр нь дэлхийн өнцөг булан бүрт стандартчиллыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэх, үйл ажиллагааг нь сурталчлах, дэмжих өдөр болдог хэмээн Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв. Дашрамд Монгол улс 1979 онд Олон улсын стандартчиллын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш энэхүү өдрийг тэмдэглэж иржээ. 

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ