Хөдөөгийн хүүхдүүд хөлбөмбөгийн фестивальд оролцов

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-10-12 14:16:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөлбөмбөгийн холбоо хамтран өнгөрсөн хавраас эхлэн хөдөөгийн хүүхдүүдийг хөлбөмбөгийн спортоор хичээллүүлэх, эрүүл, идэвхтэй амьдрах мэдлэг чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор фестиваль зохион байгууллаа.


Энэ сарын 10-ны өдөр тус аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын 60 сурагч, цэцэрлэгийн насны 10 хүүхдийн  дунд  зохион байгуулсан “Хөдөлгөөн-Эрүүл мэнд-Хөлбөмбөг фестиваль”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн Хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ё.Хатанбаатар, Тонхил сумын ИТХ-ын дарга Ц.Өнөрмаа, ЗДТГ-ын дарга М.Хүүхнээ, ЕБС-ийн захирал Д.Ганчулуун, Цэцэрлэгийн эрхлэгч Т.Отгонжав нар оролцсон юм. 


Мөн үеэр зохиогдсон жонглёрын тэмцээнд Тонхил сумын дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ц.Будхүү, долоодугаар ангийн сурагч Э.Жимсээ нар бусдыгаа хошуучилсан бол Говь-Алтай аймгийн төвийн 15 хүртэлх насны шигшээ баг, Тонхил сумын өсвөрийн шигшээ багийн нөхөрсөг тоглолт болж  4:2-ын харьцаатайгаар Тонхил сумын багийн хожлоор өндөрлөжээ.

Түүнчлэн фестивальд оролцсон бүх сурагч, багачуудад сургууль, цэцэрлэгийн захиргаанаас гарын бэлэг, Говь-Алтай аймгийн Засаг даргын гарын үсэг бүхий батламжийн хамт, харин Хөлбөмбөгийн холбооноос сургууль, цэцэрлэгийн хамт олонд хөл бөмбөгийн хэрэглэл бэлэглэсэн юм.


Э.Нарангэрэл


Холбоотой мэдээ