Усны конвенцид оролцогч талууд Казахстанд чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-10-12 10:49:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хил дамнасан ус болон олон улсад хамаарах нууруудыг ашиглан хамгаалах тухай олон улсын Конвенцид оролцогч талуудын 400 гаруй төлөөлөгч Казахстаны нийслэл Астана хотноо аравдугаар сарын 10-12-нд цугларч, санал солилцож байна.

Конвенцид оролцогч талуудын зөвлөлийн дээрх VIII хуралдаанд манай улсаас БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Усны конвенци нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулах ач холбогдолтойг хуралдаанд оролцогчид онцоллоо. Хуралдааны үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Казахстан улсын ХАА-н дэд сайд Ерлан Нысанбаев, Европын Эдийн засгийн комиссын Байгаль орчны газрын захирал Марко Кейнер нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Усны хэрэглээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж, усны хүртээмж эсрэгээрээ буурч байна. Олон талт хамтын ажиллагааны үндсэн дээр хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах нь энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангахад нэн чухал үүрэгтэйг улс орнуудын ус, гадаад харилцаа, хөгжлийн хамтын ажиллагааг хариуцсан яамд, Конвенцид оролцогч талууд, олон улсын болон ТББ, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид онцолж байв.

 

 

Холбоотой мэдээ