Хөвгүүд охидыг шоглохоос илүү охид нэгнээ ялгаварлах асуудал түгээмэл байдаг гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-17 20:48:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Жил бүрийн 10 дугаар сарын 11-нд Олон Улсын охидын өдөр тохиодог. Тус өдрийн хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Нүдээ нээ” арга хэмжээг зохион байгууллаа.

Охидын дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд эрх, үүргийг нь ойлгуулах зорилготой энэхүү уулзалт хэлэлцүүлэгт Арвайхээр сумын ЕБС, МСҮТ-ийн сурагчид болох 130 гаруй охид оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм. Тэд хэлэхдээ охидын гоо сайхан, эрүүл мэндэд болон хоорондын харилцаанд ихэвчлэн асуудал тулгамддаг, хэнд яаж хандахаа мэддэггүй хэмээж байлаа. Тухайлбал, охид хэрхэн нүүрээ тохируулж будахаа мэддэггүйгээс гадна даавраас үүдэлтэй батгашилтыг эмчлэх талаар мэдлэг байдаггүй, хөвгүүд охидыг шоглохоос илүү охид хоорондоо өрсөлдөх, нэгнээ ялгаварлах асуудал түгээмэл байдгийг хэлж байсан юм.

Охидын дунд тулгамдаж буй томоохон асуудал бол бэлгийн хүчирхийлэл бөгөөд энэ онд насанд хүрээгүй таван охин хүчингийн гэмт хэргийн ххирогч болсон байна. Нийгэмд архидалт, ажилгүйдэл ихэссэн, эцэг эхчүүдийн хараа хяналт суларсан зэрэг нь бага насны болоод өсвөр насны охидын амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, санаа зовоосон асуудал болж байгааг ГБХЗХГ-ын дарга Ж.Энх-Амар хэлж байлаа.

Тус өдөр охидын эрхийг хамгаалах талаар олон нийтийг уриалах зорилготой "Бидний дуу хоолой" охидын алхалт, "Охидын хүчирхийллийн эсрэг нэгдэе" уриан дор Flash mob бүжгийг зохион байгуулсан юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар жил бүрийн 10 сарын 11-ний өдрийг "Олон Улсын охидын эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэж байх шийдвэрийг гаргажээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ