Дэлхийн "Алтан цом" хүртсэн үсчин, гоо засалчдыг шагнаж урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-10-12 11:34:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Дэлхийн аваргын алтан цом булаалдах” үсчин, гоо засалчдын тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийнхныг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа.

Шагнал гардуулах ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат тэргүүтэй газар, хэлтсийн дарга нар баг хамт олонд баяр хүргэж, амжилт хүссэн юм. Энэ үеэр Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, багийн ахлагч Ж.Довчинсүрэн, дасгалжуулагч О.Оюундарь тэргүүтэй хамт олон гаргасан амжилтыг нь өндрөөр үнэлсэнд талархал илэрхийлээд, цаашид хийж бүтээх их урам зориг өгснийг хэлж байв.



"Дэлхийн аваргын алтан цом төлөөх” үсчин, гоо засалчдын тэмцээн 2018 оны 9 дүгээр сарын 9-10-нд Парис хотноо болсон билээ. Тэмцээнд Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны гишүүн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, гоо сайхан, хуримын хоёр төрөлд багаараа мөнгөн медаль, эмэгтэй урт үсний төрөлд хүрэл медаль, Дэлхийн үсчин, гоо сайхны холбооны хүндэт медаль, гоо сайхны төрлийн дасгалжуулагчийн мөнгөн медаль, Зүүн бүсийн Европ тивийн аваргын алтан цомыг тус тус хүртэж, өндөр амжилт үзүүлсэн юм.

Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо нь 2006 онд байгуулагдсан. Дэлхийн үсчин, гоо сайхны холбоо /Organisiation Mondiale Coiffure/-ны гишүүн бөгөөд тус холбооноос зохион байгуулдаг тив, дэлхийн тэмцээнд 12 жил тасралтгүй Монголын шигшээ багийг бэлтгэн, оролцуулж ирсэн. Энэ хугацаанд дэлхийн аварга үсчнээр нэг удаа шалгарч, багаараа хүрэл медаль, Ази, Европ тивийн 6 удаагийн аваргын алт, мөнгөн медаль хүртэж байсан бол 2018 онд алтан цомыг эх орондоо анх удаа авчирч байгаа нь энэ юм.

Дэлхийн 45 орны 1500 гаруй үсчин, гоо засалчид оролцсон тэмцээнд өндөр амжилт үзүүлж, Монголын үсчин, гоо сайхны үйлчилгээ дэлхийн жишигт хүрсэнийг нотлон харуулсныг үнэлэн ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Х.Болорцэцэг, А.Хулан нарыг “Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан”, Ч.Ануцэнд, Б.Баянжаргал, Ч.Алтанцэцэг нарыг яамны "Жуух бичиг”, сайдын тушаалын дагуу мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын мастер үсчид, олон жилийн туршлагатай гоо сайханчид, дэлхийн шүүгчид оролцсоноос гадна шинэ үеийн залуу, чадварлаг залуус багтжээ.

Холбоотой мэдээ