Япон болон Европын холбоо чөлөөт худалдааны яриа хэлэлцээ хийнэ

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2018-10-12 11:52:45

ТОКИО. /NHK/. Энэ сарын сүүлээр Япон болон Европын холбоо олон улсын худалдааны дүрэм журамд үндэслэсэн эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудал хэлэлцэх бөгөөд энэхүү уулзалт нь эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хийгдэж буй Сайд нарын түвшний анхны уулзалт болох ажээ.


Өнгөрсөн долдугаар сард Япон болон Европын холбоо эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан билээ. Үүний дагуу талууд аж үйлдвэр, худалдаа болон эдийн засгийн салбарт өндөр түвшний яриа хэлэлцээ зохион байгуулахаар тохиролцсон юм.


10 дугаар сарын 22-нд Токио хотноо болох уулзалтад Японы талаас Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Хирошигэ Сэко болон Гадаад хэргийн сайд Таро Коно нар оролцох бол Европын холбоог төлөөлөн Европын комиссын дэд ерөнхийлөгч, эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан төлөөлөгч Юрки Катайнен оролцох ажээ.


Талууд худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх бөгөөд АНУ болон БНХАУ-ын хооронд худалдааны дайн ширүүсч байгаа энэ үед Япон болон Европын Холбоо олон улсын худалдааны дүрэм журамд суурилсан чөлөөт худалдааны бодлогыг баримтлахыг уриалсан хамтарсан мэдэгдэл гаргахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ