ОНХС-ийн үр ашигт хяналт тавих иргэдийг сургаж байна

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-10-12 17:18:55

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, "Тогтвортой амьжиргаа-3" төсөлтэй хамтран “Орон нутгийн хөгжлийн сангийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг энэ сарын 11-15-нд зохион байгуулж байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тодорхой ажил хийхэд иргэдийн санал, хяналт чухал. Иймээс энэ хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, ажлын үр өгөөжийг дээшлүүлэхэд мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллагыг оролцуулах замаар захиалагчийн хяналтыг сайжруулах, түүнд оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Жаргалант сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга П.Оюунтунгалаг “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтад иргэдийн оролцооны арга аргачлалыг иргэддээ олгохоор сургаж байна. Энэ сургалтад манай сумын 12 багийн иргэд болон ИНХ-ын дарга, мэргэжлийн байгууллага нийт 300 гаруй иргэн хамрагдана.

ОНХС-ийн төлөвлөлт, гүйцэтгэл ажил хэр үр дүнд хүрч байгааг иргэнээр дамжуулж хянана. Ийм учраас иргэний бүлэг байгуулж, тэднийг сургаж иргэний бүлэг яаж байгуулах, хэрхэн зохион байгуулалттай ажиллах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тухайн баг нутаг дэвсгэрт ямар хөрөнгө оруулалт, хэдий хэмжээний өртөг зардлаар хийгдэж, хэр үр өгөөжтэй, хичнээн иргэн ашиг хүртэж байгаа вэ гэдгийг иргэдээр өөрсдөөр нь хяналт үнэлгээ хийлгэнэ” гэв

Ийм учраас Жаргалант сумын 12 багийн иргэд сургалтад идэвхтэй оролцож, таван гишүүнтэй хяналтын зөвлөл байгуулж, төлөвлөлт, гүйцэтгэл, үр ашиг, олон нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, иргэдийн оролцоог хангаж ажиллах аргачлалд суралцаж байна.


                                                                                                                                 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ