Баян-Өлгийн малчид 60 гаруй мянган тонн хадлан бэлтгэжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-12 13:19:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өвөлжилтийн бэлтгэл хангах ажил дуусах шатандаа орж байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр малчид 63,3 мянган тонн хадлан авч, энэ жилийн төлөвлөгөөг 107,4 хувиар давуулан биелүүлжээ.


Мөн малчид 7848 тонн гар тэжээл, 7010 тонн давс, хужир, шүү бэлтгэсэн байна. Харин хувийн аж ахуйн нэгжүүд зах зээлд зориулж 2000 тон өвс бэлтгэжээ.


Аймгийн Засаг даргын 2018 оны 553 тоот захирамжаар аймгийн аюулгүйн нөөцөд 150 тонн өвс, 100 тонн тэжээл, сум тус бүр 40 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх үүрэг өгөгдсөн. Одоогоор аймгийн нөөцөд өвс тэжээл нийлүүлэх тендер зарлагдаж, ажил нь дуусах шатандаа орсон аж. Харин Алтай, Булган, Дэлүүн, Сагсай, Улаанхус сумдаас бусад сумд аюулгүйн нөөц  бүрдүүлсэн талаар хараахан мэдээлэл ирүүлээгүй гэнэ.


Мөн Засгийн газраас өвс, тэжээл бэлтгэх ажилд зориулан тус аймагт 60 сая төгрөг хуваарилснаас 48 сая төгрөгийг сумдад шилжүүлсэн байна.


Дашрамд хэлэхэд, 2018-2019 оны өвөл Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2,2 сая толгой мал өвөлжинө гэсэн тооцоо гараад байгаа юм.


Ө.Нурболат


Холбоотой мэдээ