Цахим донтолтоос салахын тулд улс бодлогоор арга хэмжээ авах нь үр дүнтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-12 12:29:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Японы боловсрол судлаач профессор Оги Наокийг хүлээн авч уулзлаа.

Профессор Оги Наоки нь дунд сургуульд 22, их сургуульд 22 жил багшилсан 200 гаруй ном бичсэн Япон улсдаа боловсролын чиглэлээр тэргүүлэх судлаачдын нэгт зүй ёсоор тооцогддог байна. Тэрбээр манай улсад ирсэн даруйдаа ЕБС, оюутны дотуур байраар зочилжээ. “Монголын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг, цалин хөлс бага, хүнд нөхцөлд багш нар шантралгүй ажиллаж байгаа нь сэтгэгдэл төрүүллээ” хэмээн уулзалтын эхэнд тэрбээр онцолсон.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Таны хэлсэнчлэн нэг ээлжтэй байвал хүүхэд сургууль дээрээ хөгжих боломж илүү бүрдэнэ. Бид ирэх хичээлийн жил гэхэд гурван ээлжээр хичээллэх асуудал үгүй болно. Боловсролын салбарын төсөв хасагдаагүй, ирэх онд 100 гаруй сургууль барихаар нөхцөл байдал өөр болно” гэлээ.   

Профессор Оги Наоки нь хүүхдийн ялгаварлан гадуурхлын талаар онцлон судалдаг бөгөөд энэ сэдвээр харилцан санал солилцов.

Манай улсад өсвөр насны хүүхдийн дунд гадуурхал цахим орчинд явагддаг болохыг “Цахим гадуурхал цаашаа” аяны үеэр мэдсэн. Үүний дараа “Unfriend” аяныг өрнүүлж байна. Хэрэв Япон улсад сайн туршлага байдаг бол бид хэрэгжүүлэхэд бэлэн байна хэмээн Төрийн нарийн бичгийн дарга илэрхийлсэн юм.  

Японд гадуурхалд өртдөг хүүхдийн тоо жилд 32 мянгад хүрдэг. Цахим орчин интернэтээс хамааралтай хүүхдийн тоо 900 мянга гаруйд хүрсэн. 2015 онд “Гадуурхлын эсрэг хууль” баталсан ч орчин нөхцөл өөрчлөгдөхийн хэрээр хуулийг дахин боловсронгуй болгох шаардлага тулгарч, шинэчлэн найруулах ажил эхэлсэн. Япончууд хүүхэд гадуурхагдаж байна уу гэдэгт биш гадуурхагдсан хүүхэд юу мэдэрч болох вэ гэдэг ойлголтыг нийгэмд түгээхийг зорьж, харах өнцгөө өөрчилсөн. Харин ДЭМБ-аас өвчинд тооцсон цахим донтолтын хувьд тухайн хүүхэд өөрөө зайлсхийхэд хэцүү учраас сургууль, орон нутгийн удирдлага, улсаас бодлогоор арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй гэж үздэг хэмээн туршлагаа хуваалцлаа.

Цахим донтолт, цахим гадуурхал, хөгжиж буй улсаас илүүтэй хөгжингүй орнуудад тулгарч байна. АНУ гэхэд “дахин нэг бодож үзээч” гэх уриатай хөдөлгөөн өрнүүлснээр цахим гадуурхлыг 90 хувь бууруулсан туршлага байдаг байна. 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ