Б.Батзориг: Монгол Улс 66.9 сая малаас зөвхөн 15 саяыг нь л вакцинжуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-10-12 13:22:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.


 Чуулганы хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр эхлэвХэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлсэн юм.


 УИХ-ын гишүүн Милэгт: Өнөөдөр төрийн зохицуулалтгүйгээс малын түүхий эд үнэгүйдэхэд хүрч байна. Монгол Улсын эдийн засгийн гол ачааг хөдөө аж ахуйн салбар тэр дундаа малчид үүрч ирсэн. Маш хүнд нөхцөлд ажилладаг малчин ард түмний хөдөлмөр үнэгүйдэж байгааг та бүхэн харж байгаа. Энэ салбарын бодлого малчдын аж амьдралыг дээшлүүлэх, тэдний хөдөлмөр хөлсийг үнэлэхэд чиглэх ёстой. Тиймээс салбарын яам онцгой анхаарч жилд экспортлох махны хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой" гэв.  


УИХ-ын гишүүн Ж. Батзандан: Хөдөө аж ахуйн бирж сонгодог утгаараа ажиллахгүй байна. Бизнес эрхлэгчдээс татаас авдаг байгууллага болох вий. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд боомтын тоог хязгаарлах үзэгдэл гарч байна.  Зөвхөн Замын үүдээр гаргана гэж байхгүй ээ. Энэ хязгаарлалтаа зогсоохгүй бол  2-3 хүнд эрхийг нь өгч монопол үүсгэх вий. Нөгөө талаар үйлдвэрлэгчдийг хамгаалдаг тогтолцоо алга. Наад зах нь  эрсдлээс хамгаалахын тулд орчин үеийн агуулахуудыг байгуулах ёстой. Өнөөдөр Монгол Улс  агуулахгүйгээс болж Хятадын хүнсний өмнө сөгддөг болсон. Тиймээс агуулахуудыг хурдан барьж жилийн дөрвөн улиралд идэх хүнсний ногоогоо нөөцөлдөг жишиг рүү явмаар байна" гэлээ.


Дээрх гишүүдийн асуултад Хүнс хөдөө аж ахуй Хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хариулахдаа,  “Малынхаа эрүүл мэндийн хяналтыг Монгол Улс алдсан байсан. Тиймээс малын эрүүл мэндэд анхаарахын тулд юуны түрүүнд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийх шаардлагатай байгаа. Өнөөдөр Монгол Улс 66.9 сая малаас зөвхөн 15 саяыг нь л вакцинжуулж байна. Тиймээс энд онцгой анхаарах нөхцөл үүсээд байгаа. Бүх тоо толгой малаа вакцинжуулснаар эрүүл мал бий болж, улмаар  махны  экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдээхүүн хилээр гаргахад боомтын тоог хязгаарлахгүй. Тиймээс зөвхөн Замын Үүдээр гаргана гэсэн зүйл байхгүй. Агуулах зоорины асуудалд Ж.Батзандан гишүүнийн саналтай нэг байна. Монгол  Улс төмс хүнсний ногооны хэрэгцээг дотооддоо бүрэн хангах боломж бүрдсэн. Гагцхүү жилийн 4 улиралд хэрхэн хадгалж борлуулах вэ гэдэг нь чухал болоод байна. Агуулах барья гэхээр өнөөх хөрөнгө мөнгөнөөс болоод бүрэн  шийдэлд хүрч чадахгүй байна” хэмээв.


Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэхээр тогтлоо.

 

Холбоотой мэдээ