Ноолуурын үнэ 40-88 мянган төгрөг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-12 13:39:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ямааны цагаан ноолуурын үнэ кг нь Архангай, Дорнод аймагт 40 мянган төгрөг байгаа бол Өвөрхангай аймагт кг нь 88 мянган төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэ болж байна.

Мал, малын түүхий эдийн зах зээлийн үнэ ханшийг танилцуулвал адууны шир Ховд, Дархан-Уул, Дорнод аймагт дундаж ханш хамгийн бага нь 5 мянган төгрөг байгаа бол Баян-Өлгий аймагт 12 мянган төгрөг байгаа нь хамгийн их үнэ болж байна. Бусад аймагт адууны шир 6-11 мянган төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн 2 м-ээс дээш урттай шир Ховд аймагт 5 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа бол Сэлэнгэ аймагт 20 мянган төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэ болж байна. Малын зах зээлийн дундаж үнийг мэдээгээр ат Өмнөговь аймагт хамгийн өндөр буюу 1.2 сая төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл Сүхбаатар аймагт 700 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь хамгийн бага ханш аж. Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ нийслэл Улаанбаатар хотод 150 мянган төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэ болж байна. Хэнтий аймагт хамгийн бага буюу 109 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямаа Өмнөговь аймагт 115 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь хамгийн өндөр ханш болж байна. Дорнод аймагт ямааны үнэ 73 мянган төгрөг байна. 

Холбоотой мэдээ