Багуудын доторх автозамын ажил 80 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-12 15:39:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Цахир долдугаар баг, Эрдэнэмандал хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц байдалтай холбогдох албаныхан танилцлаа. Тухайн багуудын дундуурх зам буюу “Галуутын хавцал” хэмээн олны дунд нэрлэгддэг үер бууж эвдэрсэн, тоосжилт ихтэй, энхэл донхолтой шороон замыг орчин үеийн шийдэл бүхий авто зам болгох ажил 80 гаруй хувьтай байна.

“Өсөх урам” ХХК гүйцэтгэж буй тус автозамын ажил 3.7 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд үерийн далан, ус зайлуулах хоолой, бохирын шугам зэргийг цогцоор нь хийх аж. Авто зам нь цементэн суурьтай, 7 см-ийн зузаантай асфальтан зам байх ба нийт урт нь 2.7 км урт байх юм байна. Замын ажил одоогийн байдлаар ус зайлуулах хөндлөн найман бетонон хоолой, замын хоёр талаар тавигдах 13 бетонон болон ган хоолойнуудыг үндсэндээ суурилуулж дуусчээ. Замын компани энэ онд төлөвлөсөн ажлаа ирэх сарын таван гэхэд хийж дуусган зам гарцуудыг чөлөөлөх бөгөөд автозамын ажлыг ирэх онд бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх аж.

Энэхүү замыг барьж байгуулах явцад дөрвөн дэлгүүрийн үүдний хэсгийг чөлөөлж, зургаан айлын хашааг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд нөхөн төлбөрийг нь олгож дууссан байна. Мөн энэ замын ажилтай зэрэгцэн тус багуудад бохирын шугам хийгдээд байгаа аж.

                                                                         Б.Мөнхзул

Холбоотой мэдээ