Номын баярыг “Ном бол таны гарт барих мөрөөдөл” уриатай тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-16 14:44:43

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийтийн номын сангаас аймгийн ЗДТГ, БСУГ, БОАЖГ ГБХЗХГ, Насан туршийн боловсролын төвтэй хамтран “Номын баяр-2018” арга хэмжээг энэ сарын 15-нд “Ном бол таны гарт барих мөрөөдөл” уриан дор зохион байгууллаа.

Зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 24-ний “Номын баяр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, орон нутагт ном унших хөдөлгөөн өрнүүлэх, зохиолч уншигчдын уулзалт ярицлага зохион байгуулах, номын өв санг баяжуулах, хүүхэд залуучуудын ном унших хүсэл сонирхлыг  хөхиүлэн дэмжих мөн байгаль орчноо хайрлан хамгаалах өв уламжлалыг сэргээх, сурталчлан таниулах, эх оронч үзэл санааг төлөвшүүлэхэд оршиж буй.

Номын баяраар зохиолч уншигчдын уулзалт, номын санчдын сургалт, уншсан номоо ярилцъя, автобустай уншлага, гэр бүлийн уншлага- нэг сарын аян зэрэг орон нутагт ном унших хөдөлгөөнийг нэмэгдүүлэх хүүхэд залуучуудын ном унших хүсэл сонирхлыг дэмжих ажлыг зохион байгуулсан.

Мөн сургууль, цэцэрлэгүүдийн багш, эцэг эхчүүдий дунд “Маск парад” –аар үлгэрийн баатруудыг амилуулж, “Үнсгэлжин”, “”Цасан цагаан ба долоон одой”, “Болдоггүй бор өвгөн” үлгэрийг хүүхдүүддээ тоглож, МЗЭ-ийн гишүүн, зохиолч С.Батжаргал, Хүүхдийн урлан бүтээх төвийн уран сийлбэрийн багш Б.Батцоож нар номтой хэрхэн нөхөрлөх, номоос юуг олж мэддэг, ямар ач холбогдолтой  талаар сонирхолтой лекц уншлаа.

Архангай аймгийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Номын баярыг анх 2012 онд “Олуулаа уншъя” уриан дор зохион байгуулж байсан бол түүнээс хойш жил тутам уриагаа өөрчилж “Гэр бүлээрээ уншъя” хэмээн цар хүрээгээ нэмж, өргөтгөж  байгаа аж.

Б.Гэрэлт-Од 


Холбоотой мэдээ