Японд шинэ эзэн хааныг сэнтийд залах өдрийг баярын өдөр болгоно

Дэлхийн мэдээ | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2018-10-12 15:35:17
ТОКИО. /ТАСС/. 2019 оны тавдугаар сарын 1-нийг буюу Японы угсаа залгамжлагч хунтайж Нарухитог хаан ширээнд залах өдрийг тус улсын Засгийн газар үндэсний баярын өдөр болгон зарлахаар төлөвлөжээ. Холбогдох өөрчлөлтийг хуульд оруулна гэж мэдээллийн “Jiji” агентлаг уламжилсан байна.
Эл ёслолтой холбоотойгоор япончууд 10 хоног амрах аж. Үүний сацуу тавдугаар сарын 1-ний өдрийг онцгой үйл явдлын хувиар зөвхөн 2019 онд л баярын өдөр болгоно гэж мэдээлж байна.
Японы одоогийн эзэн хаан болох өдгөө 84 настай Акихито нас дээр гарч, эрүүл мэнд доройтсон учир төрийн үйл хэрэгт оролцож чадахгүй боллоо гэдэг шалтгаанаар хаан ширээнээс буух хүсэлтэй байгаагаа 2016 онд илэрхийлсэн билээ. Сүүлийн 200 гаруй жилийн түүхэнд эзэн хаан өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ буусан анхны тохиолдол нь энэ болох юм.
Акихито ирэх оны дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээс буух бөгөөд дараагийн өдөр нь түүний том хүү өдгөө 58 настай Нарухито Японы шинэ эзэн хаан болно. Шинэ эзэн хаан сэнтийд заларч буйтай холбоотой баяр ёслолын арга хэмжээнүүд ирэх оны намар хүртэл үргэлжлэх аж.
Холбоотой мэдээ