Оргил ачааллын үед нислэгийн тоо, давтамжийг нэмэх замаар суудлын үнийг бууруулна

Монголын мэдээ | Улс төр
ariunzaya@montsame.mn
2018-10-12 15:55:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хууль санаачлагчийн илтгэлийг тавьсан  юм.

Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны 1 дүгээр  сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 32 улс нэгдээд байгаа аж.  Монгол Улс  энэ хэлэлцээрт нэгдэн орсноор юуны өмнө агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж хялбаршуулах юм. Мөн арилжааны агаарын тээврийн салбараас гадна ХАА, түргэн тусламж, хувийн хэрэгцээний зэрэг ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Улмаар зорчигч тээврээс гадна цэргийн зориулалтаас бусад бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, хөлгийн бүрэлдэхүүн хэсэг болох эд ангиуд, газар дээрх нислэгийн татвараас чөлөөлөгдөх боломжтойгоос гадна агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх экспортын үйлчилгээ өргөжин хөгжих таатай нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг илтгэлд тодотгов.

Хэлэлцээрт Монгол Улс нэгдэж орох тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулав.

УИХ-ын гишүүдийн асуултад Салбарын сайд Я.Содбаатар  хариулахдаа, Засгийн газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор ерөнхий зориулалтын нисэхийн бизнесийн таатай орчин бий болгох, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, агаарын зайн зохион байгуулалтыг сайжруулах, нисэгч, инженер техникийн ажилтнууд бэлтгэх сургалтын, засвар үйлчилгээний төв байгуулах зэрэг үйл ажиллагааны нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, 2018-2022 онд хэрэгжүүлэх “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан.

Зорчигч тээврийн агаарын хөлөг, түүний сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалттай. Харин ерөнхий зориулалтын агаарын хөлгийн хувьд татвараас чөлөөлөх зохицуулалтгүй учраас “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдэж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм. Мөн МИАТ компанийн зардлын 27 хувийг шатахууны үнэ эзэлдэг, иймээс шатахууны үнийг тогтвортой байлгах, хямдруулах зайлшгүй шаардлагатай. Энэ чиглэлд анхаарч ажиллана. Компанийн засаглалыг сайжруулах, үргүй зардлыг багасгахад анхаарч, оргил ачааллын үед нислэгийн тоо, давтамж, суудлыг нэмэх замаар нэгж суудлын үнийг бууруулна. Одоогоор манай улсын иргэний нисэхийн салбарт зорчигч тээврийн 18, ХАА, сургалт, ачаа тээврийн 13 агаарын хөлөг байна.Агаарын тээврийн байгууллагуудын хувьд өндөр үнэ өртөг бүхий агаарын хөлгийг шууд авч ашиглахад  хүндрэлтэй тул  түрээсээр ашиглах нь түгээмэл. Одоогийн байдлаар манайх 4 агаарын хөлгийг түрээсээр ашиглаж байна. Ирэх онд агаарын хоёр шинэ хөлгийг түрээсээр авч ашиглана. Орон нутгийн нислэгийн үнийг бууруулахын тулд өнгөрсөн онд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусгай хөтөлбөрийг хоёр аймагт хэрэгжүүлж нислэгийг сэргээсэн. Уг хөтөлбөрийг ирэх жил  хоёр аймагт эхлүүлнэ" гэдгийг дурдлаа.

Тодруулбал “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар нь Европын Холбоо, БНСУ зэрэг орны Иргэний нисэхийн удирдах газраас агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх эрх авч гэрчилгээжсэн бөгөөд өнгөрсөн онд гадны 50 гаруй агаарын хөлөгт засвар, үйлчилгээ хийснийг тодотгов.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь  Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлав.

Холбоотой мэдээ