Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус үйлчилгээнд явж эхэллээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-10-12 16:03:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн болжээ. 2-3 цаг цэнэглээд 180-200 км зам туулах энэхүү автобусыг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.


Мөн үеэр Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт "Мон-30" автобусаар шинэчлэл хийх боломжтой эсэх талаар судалж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгов.

“Монгол машин” ХХК-ийн захирал Д.Жаргалсайхан “Монгол Улс автобус үйлдвэрлэх хүчин чадал байгаа төдийгүй, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, 2000 гаруй ажлын байр бий болно. Цахилгаан такси, ачааны автомашин угсарч, үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна” гэлээ.


Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйлчилгээнд явж буй нэг автобус жилд 45 сая төгрөгийн импортын шатахуун, газ, шатах тослох материал ашиглаж, нэг тонн гаруй хорт бодис ялгаруулдаг бол “Мон-30” загварын автобус нь жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч худалдан авч, тус салбарын зардлыг 30-40 хувиар буулгах боломжтой аж.

“Мон-30” автобус үйлдвэрлэн үйлчилгээнд явуулах болсон нь нийтийн тээврийн төдийгүй аж үйлдвэрлэлийн салбарт шинэ хуудас нээлээ хэмээн монгол инженерүүд тодотгож байв. 

Холбоотой мэдээ