Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр махны үйлдвэрийн цогцолбор байгуулна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-10-12 16:38:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар” З.Нарантуяа гишүүнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариуг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, олон тулгуурт болгох чиглэлээр Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байгааг ЗГХЭГ-ын дарга дурьдлаа. Тухайлбал, гол нэр төрлийн шатахууны хэрэгцээг олон улсын стандартад нийцсэн дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, шатахууны гадаад зах зээлээс хамааралтай байдлыг бууруулах чиглэлээр газрын тосны үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн уул уурхай, барилга, дэд бүтцийн байгууламжийн үндсэн нэр төрлийн төмөр, ган хийцийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах, импортын хамаарлыг бууруулах төслийг эрчимжүүлж байна. Мөн зэсийн баяжмалыг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар экспортын хэмжээ, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлснийг дурьдлаа.

Тэрбээр, “Угсармал барилгын үйлдвэрийг хөгжүүлэх замаар барилгын материалын импортын хэмжээ болон барилгын салбарын өртөг, зардлыг бууруулах арга хэмжээг авч байна. ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, хүнсний импортын хэмжээг бууруулж, иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. БНХАУ-ын Засгийн газраас олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор барьж, технологийн шинэчлэл хийх төсөл” хэрэгжинэ. Мөн иргэний нисэхийн үйлчилгээнд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж, навигацын орлогын өсөлтийг хангаж ажиллаж байна” гэлээ.

Асуулгын хариуг сонссоны дараа гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ гишүүн асуулгын хариу тун өөдрөг байна хэмээн шүүмжлэв. Тэрбээр, валют болон шатахуунаас эхлээд бүх бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Энэ бүхэн нь иргэдийн нуруунд хүнд ачаа болж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд Засгийн газраас ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ” гэлээ.

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, иргэдийн амьдралыг дээшлүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт гэдгийг ЗГХЭГ-ын дарга дурьдаад, “Дэлхий нийтэд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсч байгаа. Мөн дэлхий нийтэд болж буй “худалдааны дайн”-аас болж ам.долларын ханш ч нэмэгдэж байна. Гэхдээ мөн нааштай талууд бий. Тухайлбал, “Ноолуур” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. 2016 онд Монгол Улсын нийт хадгаламж 5.6 их наяд байсан бол энэ оны 8 сард 9.2 их наяд болж өслөө. Үүний дийлэнхийг малчдын хадгаламж эзэлж байгаа юм” гэсэн хариулт өгөв.

Тогтвортой хөгжлийн зорилтод Монгол Улс дундаж орлоготой орны тоонд орохоор төлөвлөснийг О.Содбилэг гишүүн онцлоод, “Энэхүү зорилтыг хангахад уул уурхай, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлт, хэрэгжилт ямар шатандаа явна вэ” хэмээн тодрууллаа.

Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хяналт, шинжилгээ хийж байгааг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Тэрбээр, “Шалгалтын үед зарим зорилт хангалтгүй хэрэгжиж буйг тогтоосон. Энэ нь салбар хоорондын бодлогын уялдаа муу байгаатай холбоотой гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Засгийн газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран засаглалыг сайжруулах чиглэлд идэвхтэй ажиллаж ирлээ.  Мөн ганбөмбөлөгийн үйлдвэр, нефт боловсруулах үйлдвэр байгуулах, малын мах эрүүлжүүлэх, эргэлтэд оруулах чиглэлээр томоохон ажил хэрэгжиж байна"гэв.

Мөн Н.Оюундарь, Б.Пүрэвдорж нарын гишүүд асуулгын хариуд ихэвчлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж, судалгаа хийж байна зэргээр ерөнхий хариулт өгч байгааг шүүмжлээд, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нэн даруй хэрэгжүүлж эхлэх шаардлагатайг сануулав.

Хэлэлцэж буй асуудлын төгсгөлд З.Нарантуяа гишүүн ЗГХЭГ-ын даргын танилцуулгыг дүгнэж хэлсэн үгэндээ, “МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан 15 төсөл арга хэмжээнд 28.7 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгасан. Үүний ердөө 6 нь автозамын төсөл байна. Өөрөөр хэлбэл, урт хугацааны хөгжлийн бодлогод дэд бүтцийн бүтээн байгуулалт ихээхэн ач холбогдолтой. Гэтэл дэд бүтцийн бүтээн байгуулалтад хангалттай хөрөнгө суулгаагүй байна” хэмээн шүүмжлэв.

Ийнхүү чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.


Холбоотой мэдээ