20 гаруй мянган мод тарьж, арчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-13 22:18:56

Баянхонгор /МОНЦАМЭ/"Мод тарих үндэсний өдөр" өнөөдөр тохиож, Баянхонгор аймгийн хэмжээнд албан байгууллагууд ойн зурвас дахь хариуцсан хэсгийн модыг арчилж, нөхөн тарилт хийлээ.

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг найм дахь жилдээ хэрэгжиж байна. Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалсан байдаг.

Баянхонгор хот элсний нүүдлийг сааруулах, ойн санг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн хотын хойноос баруун хэсэг хүртэлх таван км зурваст зургаан төрлийн 20 гаруй мянган мод тарьжээ. Байгууллага, ААН-үүдэд газрыг хэсэгчлэн хариуцуулж, тухайн талбайнхаа модыг тэд өөрсдийн хүчээр арчилж ургуулж байгаа аж. Тухайн моддын ургалт 80 хувьтай байгаа талаар албаныхан хэлж байгаа. Тиймээс энэ жил үхэжсэн хэсэгт шинээр суулгац суулгаж, хашаа хайсыг сэргээх ажлыг зохион байгууллаа. Модыг суулгаад орхих биш түүнийг арчлах, байгальдаа дасан зохицож бие даан ургах хүртэл нь харж хандах ажил чухал байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.

Сонирхуулахад, Жил бүр хайлаас 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, шар хуайс 0.2 кг тоосыг өөртөө шингээж байдаг байна. Мөн 1 мкв зүлэг 200 грамм усыг өдөрт ууршуулж, агаарыг чийгүүлэн цэвэрүүлж өгдөг аж.

                                                                                 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ