“Увс түншлэл-2018” үзэсгэлэн худалдаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-12 18:16:43


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод тусгагдсаны дагуу “Увс түншлэл-2018” үзэсгэлэн худалдаа болон “Чацарганы баяр” арга хэмжээг энэ сарын 12-14-ний өдрүүдэд Гиваан баатрын талбайд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 
Үзэсгэлэн худалдаанд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, үр тариа, хадлан тэжээл, жимс, жимсгэнэ, үр суулгац, барилгын материал, модон бүтээгдэхүүн, хувцас, гутал, зөөлөн эдлэл, бэлэг дурсгал
гэх мэт олон төрлөөр дэлгэжээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд бүх сум болон Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байна.

Үзэсгэлэнгийн үеэр иргэдэд ургамал хамгаалал, чацарганы сорт, ач холбогдол зэргээр мэдээлэл өгөхөөс гадна сэтгэлд нийцсэн борлуулалт сайтай бүтээгдэхүүн, импорт орлох бүтээгдэхүүн, хамгийн идэвхтэй оролцсон сум, чацарганы шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж шагнаж урамшуулах аж.

"Чацарганы баяр-2018" арга хэмжээний хүрээнд чацаргана тариалагчид болон холбогдох байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан зөвлөлгөөн мөн өнөөдөр болж байна. Зөвлөлгөөнөөр чацарганы салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах чиглэл, Кластерийн багийн ажлын тайлан, төлөвлөгөө, ургамал хамгаалал, чацарганы сорт, ач холбогдол зэрэг асуудлаар чацаргана тариалагчид ярилцаж байна.

                                                                                                                              Б.Батхүү 

 

 

Холбоотой мэдээ