ЭМЯ-наас нэг эмчид ногдох сувилагчийн тоог нэмэх 1:2 арга хэмжээ эхлүүлж буйгаа зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dogsom@montsame.mn
2018-10-13 14:40:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 11939 сувилагч ажиллаж, нэг эмчид ногдох сувилагчийн харьцаа 1:1,2 байна.  Бид энэхүү харьцааг  5 жилийн хугацаанд 1:2 болгох зорилт тавьж  3 үйл ажиллагаа хэрэгжүүлнэ хэмээн ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Оюунханд, ЭМХТ-ийн захирал Д.Ганцэцэг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

1.Судалгаагаар сувилагч мэргэжилтэй 10000 гаруй мэргэжилтэн мэргэжлээрээ ажилладаггүй, лицензийн хугацаа дууссан байдаг бөгөөд тэднийг мэргэжлээрээ ажиллахад дэмжлэг үзүүлж 14 хоногийн сургалт зохион байгуулан сургууль, эмнэлгүүдтэй хамтран ажиллах бэлтгэлээ хангасан гэлээ. Мөн тэдний мэргэжлээрээ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээх юм байна. 

 2.Анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 12 сургуульд сувилагч бэлтгэх анги нээх, сургалтын бааз эмнэлэгтэй хамтран ажиллахыг дэмжих, төгссөн сувилагчдыг  ажлын байраар хангах ажлыг эрчимтэй зохион байгуулна.  
3.Төгсөлтийн өмнөх болон дараах сургалтыг удирдаж байгаа сувилагч-багш нарыг арга зүйн тусгайлсан сургалтад хамруулж, багшлах ур чадварыг дээшлүүлнэ. 
Эрүүл мэндийн яамнаас 2020 гэхэд эмч, сувилагчийн харьцааг “1:2”-т хүргэх зорилтын 50 хувийг биелүүлэх зорилт тавьж  ажиллана,  энэ ажлыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, сургалтын байгууллагууд, сувилагч мэргэжилтнүүд дэмжин ажиллахаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ