Бичил бизнес эрхлэгчдийн зээлийг ЖДҮ-ийг дэмжих сангаас шууд олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-13 18:26:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж буйтай холбогдуулан ХХААХҮЯ-наас бизнес эрхлэгчид, тэр дундаа экспортлогч ААН, компанийн төлөөлөлд дээрх хуульд орж буй өөрчлөлтүүдийн талаар танилцууллаа.

Энэ талаар ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа хэлэхдээ, хуулийн шинэчлэлээр ЖДҮ эрхлэгчдийн ангиллыг тодорхой болгож өгснийг онцолж байв. Учир нь өмнө нь ЖДҮ эрхлэгчдийн ангиллын ялгаа тэр бүр тодорхой бус буюу өөр хоорондоо ялгамжгүй байдлаар тогтоосныг өөрчилж байгаа аж. Тодруулбал, энд ЖДҮ эрхлэгчдийг 9 хүртэл ажилчинтай, бизнесийн орлого нь 250 сая төгрөг хүртэл бол “бичил” бизнес эрхлэгч, 10-50 хүнтэй, бизнесийн орлого 250-500 сая төгрөг бол “жижиг” бизнес эрхлэгч, 50-200 хүртэл ажиллагсадтай, бизнесийн орлого нь 500 саяас 2.5 тэрбум төгрөг хүртэл бол “дунд” бизнес эрхлэгч гэж 3 ангилаад байна.


Хоёрт, “ЖДҮ эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийг оновчтой болгох үүднээс хуулинд үйлдвэрлэгчдэд ЖДҮ-ийг дэмжих сангаас олгох зээлийн хүүгийн хэмжээг бууруулах зэргээр зохицуулалтын үйл ажиллагааг хуульд тодорхой тусгаж өгсөн байна. Тухайлбал, энд бичил, жижиг үйлдвэрлэгч эрхлэгчдэд олгох зээлийг ЖДҮ-ийг дэмжих сангаас шууд олгох бол харин дунд үйлдвэр эрхлэгчид арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож байхаар тусгасан”-ыг тодотгож байв.


Тодруулга: Манай улсад анх 1993 онд буюу Монгол Улс зах зээлийн эдийн засаг шилжих үед тэр үеийн Үйлдвэр, худалдааны яам (ҮХЯ)-нд ЖДҮ-ийн хэлтэс байгуулж, 1997 онд төрөөс ЖДҮ-ийг дэмжин хөгжүүлэх хөтөлбөрийг анхлан гаргаж байсан юм. Түүнээс хойш манай улс ЖДҮ-ийн тухай бие даасан хуультай болоод байна. 


Б.Болд

Холбоотой мэдээ