Шөнийн цагаар гэрэлтүүлэгтэй байхаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-13 22:15:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын "Дуурсах" гуравдугаар багийн иргэдийн санаачлагаар гудамжны гэрэлтүүлгийг шөнийн цагаар унтраахгүй байхаар боллоо. Тодруулбал, тус багийн иргэдийн аюулгүй байдлын үүднээс, мөн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн цагаар ч гэрэлтэй байх нь зүй гэж үзжээ. Тиймээс гэрэлтүүлэг асахад зарцуулагдах эрчим хүчний төлбөрийг сар тутам айл өрхийн цахилгааны төлбөр дээр нэмж авч байхаар зохицуулалт хийхээр болжээ.

Өрх нэг бүрээс 1000 төгрөгийг цахилгааны төлбөрт нэмж төлж байснаар тухайн баг үдэш бүрийн цагаар байнга гэрэлтүүлэгтэй байх боломж бүрдэж байгаа аж.

"Дуурсах" гуравдугаар багийн Иргэдийн нийтийн хурлын үеэр дээрх зөвшилцөлд хүрсэн бөгөөд тус хуралд иргэдийн зүгээс граж, хашааны газар авах, хашааны гэрчилгээ олгох, гэрэл цахилгааны тоолуур бичилт, ахмадын эрүүл мэндийн үйлчилгээний хөнгөлөлт, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зэрэг асуудлаарх санал хүсэлт зонхилж байв. Мөн Хонгор 1000 хорооллын дагуу явган хүний зам талбай хийх, Арван мянгатын голын зам дагуу үер усны суваг шуудуутай болгох зэрэг саналууд ирж байсан.

Дуурсах баг нь Баянхонгор сумын хойд тал руу тэлж хөгжиж байгаа ба нийт 1356 өрх, 5000 шахам хүн амтай. Хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 49 гудамж, 10 орчим байртай бол Эрдэм ахлах сургууль, 3, 12 дугаар цэцэрлэгтэй. Түүнээс гадна аймгийн Цагдаа газар, Нэгдсэн эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд байдаг томоохон багуудын нэг юм. 

                                                                                                               Б.Мөнхзул

Холбоотой мэдээ