Анги удирдсан багш нарын зөвлөлгөөн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-17 20:50:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд тус аймгийн хойд бүсийн сургуулиудын анги удирдсан багш нарын зөвлөлгөөн боллоо.

Баасан гаригт болсон тус зөвлөгөөнд Бугат, Булган, Хангал, Сэлэнгэ, Баян-Агт, Сайхан, Хутаг-Өндөр, Тэшиг сум, Хялганат тосгон сургуулийн 199 анги удирдсан багш оролцсон байна.

- Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрт "Анги удирдсан багш нарын зөвлөгөөн" зохион байгуулахаар тусгагдсан юм. Сургалтын чанарыг ахиулахад багшийн чадавхийг нэмэгдүүлж, хандлагыг сайжруулахад зөвлөгөөний зорилго чиглэж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар, боловсрол, соёл урлагийн газар, албан бус боловсролын төв хамтран зохион байгуулсан. Монгол Улсын гавьяат багш Ш.Шийтэр нарын ахмад багш нараар зөвлөгөө өгүүлж, залуу лекторуудаар лекц сонсгосон. Мөн боловсролын салбарын хууль эрх зүй, сургалтын арга зүйн талаар мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюунбилэг ярилаа.

“Анги удирдсан багш нарын зөвлөлгөөн”-ийг удахгүй урд бүсийн суманд үргэлжлүүлэн хийх юм байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ