Говь-Алтай аймгийн 15 суманд арьс шир, ноос боловсруулах үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-10-15 11:40:53

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Малаас гарах түүхий эд бүтээгдэхүүнийг орон нутагт боловсруулах, малчдын ажлын байрны тогтвортой байдлыг хадгалах зорилгоор Говь-Алтай аймгийн 15 суманд арьс шир, ноос боловсруулах үйлдвэр байгуулах батламжийг аймгийн удирдлагууд үйлдвэр эрхлэгчдэд нь өнөөдөр гардуулав.

Дээрх үйлдвэрүүдийг сум бүрт 16,6 сая буюу нийт 249 сая төгрөгийн хөрөнгөөр байгуулах гэнэ. Энэхүү үйлдвэрийг сумандаа жижиг дунд үйлдвэр эрхэлж буй иргэдэд хүүгүйгээр 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгож буй юм. Говь-Алтай аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн дэмжлэгтэйгээр тус аймгийн 15 суманд арьс, шир, ноос боловсруулах үйлдвэр байгуулагдах гэж байгааг тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм онцлон батламж гардуулах үеэрээ  танилцуулав.

Энэхүү ажлыг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан "Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөр, "Нэг сум - Нэг үйлдвэр",  "Алтайн Малчин" дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажээ.


Э.Нарангэрэл 


Холбоотой мэдээ