Т.Оюун-Эрдэнэ “Буэнос-Айрес-2018” олимпийн анхны хүрэл медальтан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-15 09:48:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аргентин улсын нийслэлд болж буй “Буэнос-Айрес-2018” залуучуудын зуны III олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-д Тамирын Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр, энэ удаагийн Залуучуудын олимпийн наадмаас Монголын тамирчдын 4 дэх (Э.Энхмаа буудлагын холимог багийн төрөлд алт, Г.Тэмүүжин, Л.Сосорбарам жүдо бөхөөр мөнгөн медаль хүртсэн) медалийг авч байгаа төдийгүй чөлөөт бөхийн тамирчдаас дараалсан медалийн буухиаг үргэлжлүүлж байна. Тухайлбал, Б.Батцэцэг “Сингапур-2010”-аас алт, Б.Дөлгөөн “Наньжин-2014”-өөс мөнгөн медаль хүртсэн бол Т.Оюун-Эрдэнэ Буэнос-Айрест хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр Буэнос-Айресын дэвжээнд нийт 5 барилдаан хийж медаль хүртсэн бөгөөд хэсгийн барилдаанд Мексикийн Сандра Елена Менчаса, Кубын Камила Рамиресийг тус бүр цэвэр, Румын улсын бөх Амина Роксана Капезаныг 4:2-оор ялсан ч энэ жилийн өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Зоу Шинруд оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ оны өсвөр үеийн Африкийн наадам болон тивийн аварга Нигерийн Сунмисола Балогуныг оноогоор цэвэр (15:4) ялснаар хүрэл медалийн эзнээр тодорлоо.

Холбоотой мэдээ