В.Третьяк, Монголд хоккейн ордон бариулах талаар В.Путинтэй уулзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-15 11:00:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ульяновск хотод энэ сарын 10-12-нд "Россия - спортивная держава" форумд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцох үеэр ОХУ-ын хоккейн холбооны тэргүүн, домогт хаалгач Владислав Третьяк, ерөнхийлөгчтэй уулзан, хэдэн минут ярилцсан нь сэтгүүлчдийн хараанд өртжээ.

"Коммерсант" сайтын сэтгүүлчид В.Третьякаас Ерөнхийлөгчтэй юуны талаар ярилцсаныг нь сонирхоход тэрбээр "Монголын тухай" гэж хариулсан байна.




Хоккейн алдарт хаалгач өнгөрөгч 9 дүгээр сард Монголд айлчилсан. Тэр үеэр манай хоккейн холбооныхон Монголд битүү дээвэртэй хоккейн ордон барихад тусламж хүссэн  байна. Владислав Третьяк энэ талаар В.Путинтэй ярьж, Монголын хоккейн хөгжлийн төлөө ийнхүү сэтгэл гаргажээ.



Третьяк, "Коммерсант" сайтын сэтгүүлчид: "Монголчууд гуравхан мянган хүний багтаамжтай ордон барьж өгөхийг хүссэн. Сайн харилцаат тэдэнд тусалж, ордон барьж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол Канадчууд өрсөөд Монголд бариад өгчихнө. Тэнд "Роснефть" НХН-ийн Ерөнхийлөгч Сечин бүгдийг удирддаг. Тэр тусалж чадна, тусална гэдэг ч итгэж байна" гэж хэлжээ. Олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга В.Третьяк ийнхүү Монголд битүү ордон бариулахад "Роснефть"-ийг оролцуулахаар В.Путинтэй ярьсан байна. 

Холбоотой мэдээ