Улаанбаатарт уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын АШТ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-15 11:31:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо энэ сарын 25-28-нд Уран сайхны гимнастикийн “A” зэрэглэлийн Ази тивийн анхдугаар цомын аварга шалгаруулах тэмцээн болно.

Монгол Улсын уран сайхны гимнастикийн тамирчдын чадвар чансааг ахиулах,  сурталчлан таниулах, уг спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, уг спортоор гаргасан амжилтаа ахиулахад энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах нь олон талын чухал ач холбогдолтой юм. Тус тэмцээн залуучуудын болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр насны ангилалд ганцаарчилсан, багийн гэсэн хоёр төрлөөр шилдгүүдээ тодруулна. Энэ удаа Ази болон дэлхийд алдартай 70 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Тухайлбал, Вьетнам, Тайвань, БНАСАУ, Казахстан, Киргиз, БНСУ, Тайланд, Монголын баг тамирчид өрсөлдөнө.




Манай улсаас ганцаарчилсан төрөлд: ОУХМ Х.Ундрам, спортын мастер Г.Номин-Эрдэнэ, С.Энхжин нар ур чадвараа сорих бол багийн төрөлд: Насанд хүрэгчдийн ангилалд, Ц.Зулзаяа, Э.Элбэрэл, Б.Хишигбуян, Б.Хишигзаяа, А.Номинзул нар өрсөлдөнө. Харин залуучуудын төрөлд: С.Энх-Үжин, Г.Марал, У.Анхилуун, Ц.Энхжин, Б.Хүслэн, Э.Энхдалай нар оролцоно. Уран сайхны гимнастик нь спорт болон урлагийг хослуулсан Олимпийн наадмын зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог төрөл юм. Өнөөдөр Монгол улсад 300 гаруй охид уг спортоор хичээллэж байгаа. Тэд Ази тивийн аварга, Олон улсын томоохон тэмцээнүүдэд медальт байранд тогтмол шалгарч байгаа нь энэ спорт манайд тодорхой түвшинд хөгжиж байгааг харуулж байна.

Холбоотой мэдээ