Д.Бямбаа: БНАСАУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон нь Монгол

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-10-15 12:58:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн II дайны дараахан, Солонгосын хойгийн умарт хэсэгт БНАСАУ байгуулагдсаны сарын дараахан буюу 1948 оны 10 дугаар сарын 15-нд манай улс тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосноос хойш 70 жилийг үджээ.

Монгол улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан уулзалт, соёлын өдрийн нээлт өнөөдөр ГХЯ-нд болов. Арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О.Сын Хо, Элчин сайд асан Ж.Ломбо, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын хүмүүс оролцож, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хоёр орны хооронд дидломат найрсаг харилцаа тогтоосны түүхэн 70 жилийн ой өнөөдөр тохиож буйд хоёр талын оролцогсдод баяр хүргэж, хоёр улсын хамтын ажиллагаа, олон жилийн түүхэн уламжлалт харилцаа өнөөдөр дахин шинэ хуудас нээж буйг онцолсон.

Манай улсын удирдлагаас анх  БНАСАУ-д  Ю.Цэдэнбал 1956 , Ж.Батмөнх 1986, Ерөнхий сайд Р.Амаржаргал 1999 онд, Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2003 онд, Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 онд тус тус айлчилж байв. Харин БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен 1956, 1988 онд Монголд албан ёсны айлчлал хийсэн байдаг. Үүнээс гадна Гадаад харилцааны сайд Л.Ринчин 1974 онд, Ц.Гомбосүрэн 1989 онд, Ш.Алтангэрэл 1999 онд, Л.Эрдэнэчулуун 2003 онд БНАСАУ-д, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Хө Дам 1973 онд, Ким Ен Нам (Одоо Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга) 1985, 1988 онд Монголд айлчилж байсныг дурдсан юм. Энэ үеэр мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хамгийн урт хугацаанд үргэлжилсэн хамтын ажиллагааны уламжлал, түүхийн талаар олон сайхан дурсамжийг дипломатууд онцолж байв.

Тодруулбал, Солонгосын дайны хүнд бэрх өдрүүдэд буюу 1951 онд манай хоёр улс ЭСЯ-даа харилцан нээж, АИХ-ын дарга Ж.Самбуу Монгол улсаад БНАСАУ-д суух анхны Элчин сайдаар томилогдон ажиллаж байв. Тэрээр Солонгосын хойгийн ид дайны үед Пхеньян дахь гадаадын орнуудын дипломат нар болон төлөөлөгчдийн газруудын аюулгүй байдлыг ханган нүүлгэн шилжүүлэхэд  Ж.Самбуу дарга Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдсэн тухай, хожим 1988 онд Ким Ир Сен манай улсад айлчлахдаа дурсан ярьсан байдаг. Тэрбээр Ж.Самбуу гуайн хүүхдүүдийг сураглан уулзаж, нутагтаа урьж, ач нарыг нь БНАСАУ-ын Их сургуульд сургаж байсан түүхийг ахмад дипломатч, Элчин сайд асан Ж.Ломбо өнөөдөр дурсан ярив.


Хоёр орны харилцааны талаар мөн Элчин сайдаар ажиллаж байсан дипломатч Д.Бямбаа хэлэхдээ, “

Манай хоёр орны харилцаа эхэн үедээ Солонгосын дайны үеэр Солонгос хүүхдүүдийг Монголд хүлээн авах зэргээр харилцан туслалцааны шугмаар эхэлж дараа нь худалдаа өргөжиж, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, эмийн ургамлын чиглэлээр хамтарсан ААН байгуулах, химийн үйлдвэрийн шугмаар оюутан сургах зэргээр үргэлжилсэн.

1990 оны шилжилтийн үед хоёр орны харилцаа дахин сэргэж, төр, засгийнхан харилцан айлчлал хийж, БНАСАУ-ын иргэд манай барилга, зам, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Цаашид хамтын ажиллагаа өргөжин тэлэх олон боломж бий. Ийм ирээдүй биднийг хүлээж байна. Манай улс хуучнаар ЗХУ-ын дараа БНАСАУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон байгаа юм. Хамгийн урт удаан хугацааны найрсаг харилцаатай орон юм” гэв. Дипломатч Д.Бямбаа БНАСАУ-д 10 гаруй жил, Ж.Ломбо 6 жил Элчин сайдаар тус тус ажиллаж байв.

Ойн хүрээнд өнөөдөр ГХЯ-ны Их танхимд хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны түүхийг өгүүлсэн гэрэл зураг, барим бичиг, түүхийн холбогдох номын үзэсгэлэн нээгдээд байна.


Тодруулга: Хоёр орны хоорон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 30 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн 9 дүгээр сарын 26-нд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Mонгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэлийг хүлээн авч хүндэтгэлийн зоог барьсан юм. Зоогт БНАСАУ-ын ГХЯ-ны холбогдох албан тушаалтнууд болон Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд оролцсон бөгөөд мөн Тэдонган” дипломат клубт кино өдөрлөг болжээ.



Б.Болд

Холбоотой мэдээ