Иргэдэд ойр төгөл байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-10-15 14:16:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл ТББ-аас өчигдөр бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд мод тарьж байгууллагынхаа нэрэмжит төгөл байгуулах эхлэлг тавив.

ТББ-ын “Ногоон парламент”-ын тэргүүлэгч гишүүн М.Чинзориг хэлэхдээ, “Бид нэгд, өөрийн нэрэмжит төгөл байгуулах ажлыг байгууллагынхаа 10 жилийн ойн өдөр эхлүүлж байна. Хоёрт, бид иргэдийн амьдран сууж буй хорооны нутаг дэвсгэрт буюу оршин суугчдад зориулсан, тэдэнд ойр төгөл байгуулахыг зорьсон. Энд мэргэжлийн олон байгууллага оролцож байгаа учир төгөл маань ирэх хавраас сайхан ургаж өргөжинө.

Манайд бодлого барих салбарын яам нь мод тарих ажлыг хийгээд, ийм ажлыг зохион байгуулж байх ёстой байгаль орчны иргэний байгууллагууд нь шаардлага тавиад суудаг эсрэг дүр төрх бүхий байдалтай болсон гэх шүүмжлэл бий. 

Гэхдээ манай ТББ энэ хугацаанд зүгээр суугаагүй, өнгөрсөн өвлөөс эхлэн агаар, орчны бохирдлыг хянах “Приус” машинтай иргэдийн бүлэг байгуулан ажиллаж ирлээ. Хавар нь  агаарын бохирдлын гол эх үүсвэр болж буй дугуй засварын газрууд, уурын нам даралтын зуух бүхий ААН, байгууллагад хяналт тавьж ажилласан” гэв.

МБОИЗ-ийн ногоон төгөл байгуулах ажилд "Булаг шанд гол мөрний эх хамгаалах сан”, "Монгол Үндэсний уламжлалт зан үйлийн өргөө" ТББ, Гацуурт болон Хан-Уул дүүрэгт ажиллаж буй байгаль орчноо хянах иргэдийн бүлэг “Туулын хар шугуй” ТББ, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн бүлгүүд идэвхтэй оролцлоо.


Б.Болд

 

Холбоотой мэдээ