Үндсэн чиглэлд эс туссан ч зарим боломжтой ажлуудыг хийгээд явна гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-17 20:46:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдаагүй бусад санал, асуудлыг аймгийн Засаг даргын зүгээс бүрэн дэмжсэнээ илэрхийлээд үндсэн чиглэлд тусгагдаж чадаагүй байлаа гээд хийгдэхгүй гэсэн үг биш юм. Ямар ч ажил арга хэмжээний цаана төсөв хөрөнгө яригддаг учраас төсөв тодорхой батлагдаагүй энэ цаг үед олон шинэ ажил, арга хэмжээг хийхээр тусгах нь хөрөнгийн асуудлаас болж цаасан дээр үлдэх эрсдэлтэй учраас шийдээд ажиллах, боломжтой ажлуудаа үндсэн чиглэлд эс туссан ч хийгээд явна хэмээн мэдэгдсэн юм.

Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог өнгөрсөн баасан гарагт болсон аймгийн ИТХ-ын XI хуралдаан дээр танилцуулсан юм. Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Эдийн засгийн хөгжлийн бодлого, Хүн амын хөгжил, нийгмийн бодлого, Нутгийн захиргаа, хууль эрх зүйн ажил үйлчилгээ гэсэн гурван бүлгийн 250 гаруй арга хэмжээтэйгээр боловсруулжээ. Үндсэн чиглэлийн төсөлд аймгийн ИТХ-ын Бодлогын хороодоос санал дүгнэлтээ өгч хэлэлцсэнээс Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хорооны нэг санал, Байгаль орчин, үйлдвэр, хөдөө аж ахуйн бодлогын хорооны хоёр санал, төлөөлөгч Ц.Эрдэнэчимэг, Г.Тунгалаг, Б.Ганболд нарын дэвшүүлсэн саналууд олонхийн саналаар дэмжигдэн ирэх оны үндсэн чиглэлд тусгагдахаар боллоо. 

Тодруулбал, аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага хууль хяналтын бодлогын хорооны “Онцгой нөхцөлд ажилладаг төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангаж орон сууцжуулах асуудалд дэмжлэг үзүүлэх” гэж нэмж тусгах санал дэмжигдсэн бол төлөөлөгч Г.Тунгалагийн “Нэгдсэн эмнэлгийн хүчилтөрөгчийн системийг сайжруулах”, “Хүүхдийн сувиллын үйл ажиллагааг 0-2 хүртэлх насны хүүхэдтэй эх хүүхдийн сувилал болгон өргөжүүлэх ажлыг эхлүүлэх” санал, мөн төлөөлөгч Б.Ганболдын “Тариалангийн талбайг сүрлэн хучилттай болгох ажлыг эхлүүлэх” зэрэг саналууд олонхийн саналаар чиглэлд тусгагдлаа.

Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ