Сэлбэ, Баянхошууны айл өрх дулааны найдвартай эх үүсвэрээр бүрэн хангагдана

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2018-10-15 16:47:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, дэд бүтэц хариуцсан орлогч дарга П.Баярхүү нар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд ажиллав. Энд 200 өрх дэд бүтцийн төвд холбогдоход бэлэн болж бэлтгэлээ хангаад байна. Дээрх төслийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төсөл 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд шатны хүрээнд Сэлбэ (156 га), Баянхошуу (162 га) дэд төвүүд нь нийт 318 га газар нутгийг нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дүүрэг, бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.


Төсөл хэрэгжиж байгаа нутаг дэвсгэрийг хотын шинэ дэд төв болгон хөгжүүлэх төлөвлөгөөг гаргахдаа хөгжлийн зорилго, зорилтыг тодорхойлон иж бүрэн судалгаа хийж бусад төсөл хөтөлбөртэй уялдуулан төлөвлөснийг АХБ-ны Хот төлөвлөлтийн багийн ахлах ноён Арнауд Хэкманн болон бусад албаныхан хэлж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллын авто зам, нийгмийн болон инженерийн дэд бүтэц цогцоор шийдэгдсэн уялдаа бүхий шинэ дэд төвүүд бий болж Улаанбаатар хотын төвлөрөл, агаар хөрсний бохирдол буурч, дэд төвүүдийг орон сууцжуулах суурь нөхцөл бүрэн хангагдах зэрэг олон эерэг үр дүнд хүрэх юм. Тиймээс төслийн үйл ажиллагааг эрчимтэй явуулж үр дүнг игэдэд бодитоор хүргэх үүднээс улсын хэмжээнд шат шатны алба хаагчид анхаарал хандуулан ажиллаж байгаа.


Одоогийн байдлаар гүйцэтгэсэн ажлуудыг танилцуулвал, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг хэсэгчлэн хөгжүүлж байгаагаас одоогийн байдлаар дээрх хоёр дэд төвд түр суурьшуулах 50 айлын орон сууц тус бүр нэгийг, мөн нийт 8.6 км урт ариутгах татуургын гол шугам сүлжээ тавиад байна. Дэд бүтцийн бусад ажлыг гүйцэтгэхээр газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэн ажиллаж, газар чөлөөлөлт нүүлгэн шилжүүлэлтийн явц 95 хувьтай байна. Цаашид Баянхошуу дэд төвд:

  • 14 м өргөн 7.42 км авто зам,
  • 1000 куб м хүчин чадалтай усан сан, доод насос станц ба өргөлтийн насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах ажлыг хэрэгжүүлж  Геодези, усны барилга байгууламжийн газар хүлээлгэн өгөх,
  • Тэнхлэгээрээ 50.0 х 33.0 м хэмжээтэй, хагас нум хэлбэртэй болон тэгш өнцөгтийн блокоос бүрдсэн 2 давхар барилга угсралтын ажлыг дотор, гадна инженерийн шугам сүлжээ, гадна зам талбай, тохижилтын ажлыг Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газарт хүлээлгэн өгч ашиглуулна.
  • Тэнхлэгээрээ 48.0 х 30.0 м хэмжээтэй, 2 давхар, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг дотор, гадна инженерийн шугам сүлжээ, гадна зам талбай, тохижилтын ажлын хамт гүйцэтгэж Нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэн өгч ашиглуулах гэж байна.


Эдгээр ажлын үр дүнд, Баянхошуу дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлын үр дүнд тус дэд төвийн иргэд ундны усны найдвартай эх үүсвэрээр хангагдахаас гадна тус дэд төвд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн хамрагдалт 63 хувь хүртэл нэмэгдэнэ. Мөн МСҮТ-ээр дамжуулан мэргэжил олгосноор мэргэжилтэй ажилчид нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна. Түүнчлэн авто зам ашиглалтад орсноор нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг гэр хорооллын иргэдэд ойртуулах боломж бүрдэх төдийгүй иргэдийн авто машин ашиглалтын зардал буурч өрхийн амьжиргаанд эерэгээр нөлөөлнө.

Харин Сэлбэ дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлын үр дүнд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах боломжтой болно. Мөн тус дэд төвийн иргэдийг ундны усны найдвартай эх үүсвэрээр хангахаас гадна тус дэд төвд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн хамрагдалт 55 хувь хүртэл нэмэгдэх аж.


Б.Болд

 

 

Холбоотой мэдээ