Эрдэмтэд грант төслийн үр дүнгээ танилцуулав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2018-10-15 17:06:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-иас 2017-2018 онд хэрэгжүүлсэн грант төслийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.

ШУА-ийн Физик, математик, химийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж хэлэхдээ, “ШУА  жилд 10-30 грант төслийн тэтгэлгийг судлаачдад олгодог, өнгөрсөн жил 24  төсөл тэтгэлэг олгосон. Тухайлбал, академич Л.Болд Хэл шинжлэлийн эрдэмтэд, академчдийн бүтээлийг эмхэтгэж “Ахмад академчдын судалгааны өв” 2 боть ном хэвлүүлсэн. Ингэснээр эрдэмтэн судлаачдын бүтээл түмэн олонд түгэн дэлгэрэх бололцоотой болж байна. Мөн залуу эрдэмтэн судлаачид грант төсөлд хамарснаар  эрдмийн зэрэг хамгаалах, олон улсын түвшинд хүрсэн судалгаа хийх суурь нь болдог" гэв.

 

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Н.Батболд “Монголын эртний нүүдэлчдийн урлаг” сэдвээр нийт 4 сая төгрөгийн грант авч хэрэгжүүлснээ танилцууллаа. Тэрбээр, “Бид төслийн хүрээнд аялал жуулчлалыг татах, маршрут зохиоход дөхөм болох, бүс нутгийн түүх соёлын дурсгалын бүртгэл мэдээллийн санг баяжуулах зорилгоор хүрэл зэвсгийн үед амьдарч байсан эртний нүүдэлчдийн соёл урлагийг хадны сүг зургаар дамжуулан олон нийтэд  хүргэх  гадаад ертөнцөд танилцуулах ажлыг хийлээ. Ховд аймгийн Алтай сумын нутаг Ямаан усны Ханан хад хэмээх газарт хадны зургийн судалгаа хийж,  880 орчим зураг, 7 мөр бичигдсэн эртний руни бичээсийн дурсгалыг судлан баримтжуулан, гэрэл зургийг авч, боловсруулалт хийсэн. Улмаар “Ямаан усны хадны бичээсийн цогцолбор” эрдэм шинжилгээний хялбаршуулсан товхимлын эхийг бэлтгэж байна. Энэхүү товхимол хэвлэгдсэнээр түүх соёлыг сонирхогчид болон гадаадын жуулчдын очиж үзэх боломж нээгдэнэ. Мөн Архангай аймгийн Тариат сумын нутаг Чулуут, Суман голын сав хөндий дэх хадны зургийг бүртгэж баримтжуулах ажил хийлээ.  Өмнө нь хийсэн судалгааг нягтлан нэгдсэн бүртгэлд оруулсан бөгөөд судалгаа эхлэх шатандаа явж байна. Цаашид сэдэвт ажлын хэмжээнд 2-3 жилийн хугацаанд суурин судалгаа хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.  



Хүмүүнлэгийн ухааны сургуулийн доктор Ч.Дэлгэрцэцэг “Хүүхдийн дүрсэн сэтгэхүйд билингвализм нөлөөлөх нь” сэдэвт төслөө танилцуулав. Тэрбээр, “Билингваль гэдэг нь эх хэлний хажуугаар гадаад хэлийг унаган хэлний түвшинд эзэмшсэн хүнийг хэлнэ. Судалгааны үр дүнд Монгол хүүхдийн дүрсэн сэтгэхүйд билингвализмын нөлөөг тархины долгионы түвшинд харуулсан анхны судалгаа болж буй юм. Билингвализм нь тархинд дүрсэн мэдээлэл боловсрох үйл ажиллагааг тархины долгионы хүч ба тархалтын түвшинд өөрчилдөг. Анх гадаад хэл сурч эхэлсэн нас, хэрэглэсэн хугацаа нь тархины үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Билингвализм нь монгол хүүхдийн сэтгэхүйн уян хатан чанарыг сайжруулдаг” хэмээв.

ШУА-ийн грант төсөлд хамгийн дээд тал нь 8 сая төгрөгийн тэтгэлгийг судлаачдад олгодог аж.

Холбоотой мэдээ