Оёдолчид болон суралцагчид мэргэжлийнхээ онцлогийг ярилцлаа

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-10-15 18:16:27

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хөгжил политехник коллежийн дэргэдэх оёдол, ахуйн үйлчилгээний мэргэжлийн салбар зөвлөлөөс оёдолчны мэргэжлээр суралцаж байгаа суралцагчдын дунд олон ажлыг санаачлан хэрэгжүүлдэг. Энэ удаад мэргэжлийн давуу тал, мэргэжилдээ дуртай хайртай байхын ач тусыг таниулах, өөрсдийн мэдлэг мэдээллээ солилцох зорилгоор “Мэргэжлийн онцлог” ток шоуг тус сургуульд оёдлын чиглэлээр суралцаж байгаа 50 гаруй суралцагдыг оролцуулан зохион байгууллаа. 


Тус арга хэмжээнд Үйлдвэр үйлчилгээний хоршоодын тэргүүн А.Сэржханд, "Ховд гурван сэнхэр" оёдлын хоршооны эрхлэгч Х.Болорчулуун, "Их буян" худалдааны төвд хувиараа оёдлын үйлчилгээ эрхэлдэг энэ салбартаа 40 гаруй жил ажиллаж байгаа оёдолчин Д.Энхээ, "Буянт үйлийн шим"  хоршооны оёдолчин Ч.Мягмар нарын туршлагатай оёдолчид уригдан оролцож, өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хамаргүй хуваалцаж, суралцагчдын сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.

Үйлдвэр үйлчилгээний хоршооны эрхлэгч А.Сэржханд“ Бидний уулзалтын ач холбогдол нь  ажиллаж байгаа хүмүүс оёмол бүтээгдхүүний туршлага, хэрхэн амжилтад хүрсэн талаар ярьж, оюутнууд гараагаа яаж эхлэх, оёдолчны мэргэжил ямар ач холбогдолтой, амьдралд ямар нөлөөтэй, бэрхшээлийг яаж даван туулах, дадлагад гарахад юуг анхаарах талаар  талаар ярилцаж байна. Хөгжил Политехник коллеж төгссөн таван хүн өнөөдөр ажлын байртай болж, баялаг бүтээгчдийн эгнээнд явж байна“ гэв.

Суралцагч оюутан Н.Энхмаа “Энэ уулзалтаас би их зүйлийг олж мэдлээ. Оёдолчны мэргэжлийг сонгосноороо баялаг бүтээх ямар давуу талтай, оёдлын машин ямар үнэ тарифтай, ажлын байранд юу хэрэгтэй, ямар зах ээзлийг яаж судлах, цаашдаа дадлагад гарахад хаана очих болох зэрэг олон зүйл сурч авсан” гэж ярив.

“Мэргэжлийн онцлог” оёдолчдын уулзалт зохион байгуулснаар оёдлын салбарын ирээдүйг тодорхойлох, элсэгчдийг энэ чиглэлээр сургах, оёмол бүтээгдхүүн үйлдвэрлэгчдийн эгнээг өргөжүүлэх, цаашид эх орондоо үндэсний үйлдвэрлэгчдийг бэлтгэхэд бага ч гэсэн чухал алхам тавьж байна.

 

                                                                                                                                             А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ