Орон нутагт алтыг газар дээр нь сорьцлуулж худалдах боломж бүрдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-15 17:38:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарийн Хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд Дархан-Уул болон Баянхонгор аймагт алтыг газар дээр нь шууд хүлээн авахад сорьцлох хяналтын лаборатори байгуулах талаар өмнө нь мэдээлж байсанчлан Дархан-Уул аймагт эхний төвийг албан ёсоор нээлээ.

Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дор үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лаборатори төвийг Засгийн газраас зарласан “Алт-2” үндэсний хөтөлбөр, Монголбанкны “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян болон Тогтвортой бичил уурхай төслийн үйл ажиллагааны хүрээнд нээж байна. Энд 395 сая төгрөгийн өртөг бүхий алт, үнэт металлын сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Монголбанк, Тогтвортой бичил уурхай төслөөс хандивлав. Нээлтийн ёслолд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэд дарга Илария Дали, Стандарт, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр нарын албаны төлөөлөл оролцлоо.

"Төвийн бүсэд үнэт металлын сорьц тогтоох лабораторийг байгуулснаар Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Бугант, Мандал, Баянгол, Төв аймгийн Борнуур, Заамар, Жаргалант сумд болон Орхон, Булган, Хөвсгөл аймагт алт олборлож үйлдвэрлэх үйл ажиллагааг эрхэлж буй ААН, бичил уурхайчид олборлосон алтаа тухайн бүс нутагтаа сорьцлуулан тушааснаар орон нутаг дахь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа өргөжих, ажлын байр нэмэгдэх, татварын орлого өсөх зэрэг боломжууд бий болно гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан онцлон хэлсэн юм.

Алт олборлогч ААН болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк, арилжааны банканд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгох шаардлагатай байдаг. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болох юм. Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус дамжлага багасч, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгон, албажуулах нөхцөл бүрдэж байна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

 

 

Холбоотой мэдээ